Коронавируст халдвартай иргэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх түр ор дэлгэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг зохицуулах Эрүүл мэндийн сайдын 2022 оны нэгдүгээр сарын 12-ны А/16 дугаар тушаал батлагдсан.
Тушаалын дагуу нийслэлд коронавируст халдвартай иргэнийг хэвтүүлэн эмчлэх түр ор дэлгэх эрүүл мэндийн байгууллагуудын орны тоог баталсан юм.
Энэ хүрээнд УОК-ын Нэгдсэн шуурхай штабын даргын өгсөн чиглэлийн дагуу ор дэлгэн ажиллаж байгаа эмнэлгүүдийн үйл ажиллагаа, орны ачаалал, эмнэл зүйн шинж чанар, эмч, ажилчдын ажлын ачаалал, үйл ажиллагаанд хяналт тавих ажлын хэсгийг байгуулжээ.
Ажлын хэсэг өчигдөр ХӨСҮТ-д ажиллалаа. Тус төв нь 545 ортой үүнээс 200 сүрьеэ өвчтөн үлдсэн 345 оронд ковидоор өвдсөн иргэдийг хүлээн авч үйлчилж байна. Өчигдрийн байдлаар нэн хүнд тав, хүнд 122, хүндэвтэр 221, хөнгөн 13 хэвтэн эмчлүүлж байгаа 361 өвчтөн ковид болон Омикрон хувилбараар өвчилсөн иргэд байна.
Мөн ажлын хэсэг Хан Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж эмч, сувилагч үйлчлүүлэгчтэй уулзаж, нөхцөл байдалтай танилцав.
Эх нярайн эмэгтэйчүүдийн үндэсний төв-2 нь ковид эмчлэх 1,000 ортой. Өнөөдрийн байдлаар нэн хүнд хоёр, хүндэвтэр болон хөнгөн 1,072 өвчтөн байгаа бол эдгээр өвчтөний сахиур, гэр бүл нийт 1,207 иргэн хэвтэн эмчлүүлж байна.
Ажлын хэсгийнхний нийтлэг дүгнэлтээр, КОВИД-19 болон Омикрон хувилбараар өвчилсөн иргэдийг хэвтүүлэн эмчилж байгаа эмнэлгүүдийн орны эргэлт муу, эмч ажилчдын дунд өвчлөл их, ажлын ачаалал өндөр байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээлэв.
УОК-ын Шуурхай штаб