Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Бат-Орших нарын барилдах эрхийг 2020 оны улсын наадмын дараа допинг илэрсэн гэж 11 сараар хасаж байсан.
МҮБХ-оос 2017 онд баталсан "Допингийн эсрэг журам тогтоол"-д заасны дагуу допингийн зөрчил гаргасан бөх хоёр жил барилдахгүй байх үүрэгтэй. Гэвч допинг илэрсэн дээрх бөхчүүдийг 11 сараар эрхийг нь хассанд бөх сонирхогчид болон бөхчүүд шүүмжлэлтэй ханддаг.
Тэгвэл Улсын харцага О.Хангай өнөөдөр болж буй “Жем интернэшнл” группийн нэрэмжит, улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх барилдаанд өмнө допинг илэрч байсан бөхчүүд орж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа өөрийн цахим хаягтаа илэрхийлэн пост бичсэн байна.
Тэрбээр “Допингийн шинжилгээнд бүдэрч, баяр наадмын комиссоос 11 сараар эрхээ хасуулсан аварга, арслан хоёрыг "Монголын Үндэсний Бөхийн Холбоо" барилдахыг зөвшөөрч бүртгэжээ.
Баяр наадмын комиссоос ямар үндэслэлээр ийм шийдвэр гаргасан нь бүү мэд. Өмнө нь шинжилгээнд бүдэрсэн бөхчүүд 2 жилээр эрхээ хасуулж байсан. Одоо зарим нь 4 жил, 8 жилээр эрхээ хасуулж байхад харилцан адилгүй шийдвэр гаргасан нь харамсалтай. Үүнийг ард түмэн, бөх сонирхогчид, шударгаар хөдөлмөрлөж байгаа бөхчүүд өөрсдөө хүлээн зөвшөөрч байна уу?
Би бол хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.
Даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нарын шийтгэлийн хугацаа дууссан тул өнөөдрийн барилдаанд бүртгүүлээд байгаа юм.