БНСУ-ын алдартай шивээсчин залуу эрүүгийн хариуцлага хүлээхээр болжээ. Холливуудийн одод болох Брэд Питт, Лили Коллинз, Стивен Йен нарын шивээсийг хийж байсан До Юн Ким өнгөрсөн сард хийсэн шивээснийхээ улмаас Сөүлийн шүүхэд дуудагджээ.
Солонгосын алдартай жүжигчин бүсгүйд шивээс хийж буй бичлэг нь цахим ертөнцөөр тарсны дараа Дой /Уран бүтээлийн нэр нь/-г эмнэлгийн хууль зөрчсөн хэмээн үзэж, таван сая воноор торгохоор шийдвэрлэсэн юм.
"1992 онд БНСУ-ын Дээд шүүх шивээсний бэх, зүүгээр дамжуулан халдвар авах эрсдэлтэй учир эмнэлгийн ариун орчинд шивээс хийх журам гаргасан"- тай холбоотойгоор тэрээр ийнхүү торгуулж буй аж.
Дой-н сүүлд хийж, олон нийтийн сүлжээнд цацсан бичлэгт шивээс хийж буй орчин нь саарал ханатай, замбараагүй, цэвэр бус орчин байсан учир Дээд шүүхийн журмыг зөрчсөнд тооцогджээ.
Дээд шүүхийн тус журмын дагуу зөвхөн тусгай зөвшөөрөлтэй эмнэлгийн мэргэжилтнүүд шивээс хийх эрхтэй юм. Албан ёсны тоо байхгүй ч Солонгосын Эрүүл мэнд, нийгмийн харилцааны хүрээлэнгийн 2019 оны судалгаагаар Солонгост 200000 орчим шивээсчин байдаг гэсэн тооцоо гарчээ.
Журмын дагуу шивээс хийгээгүйн улмаас баривчлагдсан хүмүүс хоёр жил шоронд хоригдож, нэг сая воны мөнгөн торгууль төлдөг байна. Тиймээс шивээсчдийн дийлэнх нь нууц газар ажилладаг. Хууль сахиулагчид шивээсний студиудыг хайдаггүй ч зөрчил гаргаж буй шивээсчдийг илрүүлсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэхээс өөр аргагүй болдог.
Сүүдэрт ажиллах нь шивээсчдийг үйлчлүүлэгчдийнхээ дарамт, мөлжлөгт өртөмтгий болгодог. Зарим хүмүүс шивээс хийлгэсэн мөнгөө төлөхөөс татгалзаж, шивээс хийлгэсэн хүнийг цагдаад мэдэгдэнэ гэж заналхийлэх тохиолдол ч цөөнгүй гардаг байна.
Шивээсчинээр 15 жил ажиллаж байгаа Дой анх шивээс хийж эхлэхдээ нэлээн сандарч байсан гэдгээ сэтгүүлчдэд дэлгэжээ. "Бүдүүлэг үйлчлүүлэгчидтэй тулгарах вий гэсэн айдас байсан. Эмнэлгийн биш орчинд шивээс хийх нь хууль бус учраас намайг мэдээлэх вий гэж санаа зовж байсан. Гэсэн хэдий ч би үйлчлүүлэгчдийг хэрхэн шалгах талаар суралцаж, аюулгүй орчинд ажиллах боломжтой болсон" гэж байсан юм.
Тэрээр өөрийн инстаграм хуудсандаа загваруудаа нийтэлж, Kakao чат аппликейшнээр дамжуулан үйлчлүүлэгчидтэйгээ харилцдаг. Шивээс нь айх сүрдмээр зүйл биш гэдгийг загвараараа Өмнөд Солонгосчуудад харуулахыг эрмэлздэг Дой жижиг, зөөлөн өнгө ашигласан, ихэвчлэн ургамал, амьтдыг дүрсэлсэн шивээсээр мэргэшжээ.