Казахстанд эрчим хүчний үнийг эсэргүүцсэн тайван жагсаал хурцдан мөргөлдөөн болж, сүүлдээ Орос тэргүүтэй улсаас нэмэлт хүч дуудан жагсагчдын эсрэг зогсоох хэмжээнд хүрч ширүүссэн. Тэгвэл жагсагч иргэд болон хүчнийхний мөргөлдөөний улмаас 225 хүн амиа алдсан гэж эрх баригчид мэдэгдлээ. Амиа алдсан хүмүүсийн дунд аюулгүй байдлын албаны 19 ажилтан байсан гэж Казахстаны хууль сахиулах байгууллагын дээд албан тушаалтан хэлжээ.
"Онцгой байдлын үед 225 хүний цогцсыг шарил хадгалах газарт хүргэсний 19 нь хууль сахиулагчид, цэргийн албан хаагчид байсан" гэж улсын яллагчийн төлөөлөгч Серик Шалабаев бямба гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна.
Зарим нь "террорист халдлагад оролцсон зэвсэгт дээрэмчид байсан. Харамсалтай нь энгийн иргэд ч энэ террорист үйлдлийн хохирогч боллоо" гэдгийг Шалабаев нэмж хэлэв.
Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Асел Артакшиновагын хэлснээр 2600 гаруй хүн эмнэлгүүдэд хандсан. Мөн 67 хүний биеийн байдал маш хүнд байгаа аж. Казахстаны эрх баригчид эмх замбараагүй байдлын голомт баруунаас тус улсын хамгийн том хот болох Алматы руу нүүсэн эсэргүүцлийн жагсаалыг турхирсан олон улсын "террористууд"-ыг гол буруутан нь гэж үзэж буйгаа мэдэгдсэн юм.
Тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев эмх замбараагүй байдлын үеэр Орос тэргүүтэй цэргийн эвсэлд хандаж тусламж хүсч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг удирдаж, хуучин ивээн тэтгэгч, өмнөх Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевыг “зайлуулсан”.
Хуучин ЗХУ-ын харьяанд багтаж байсан зургаан улсын эвслийн Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын (ХАБГБ) цэргүүд тус улсад болсон хүчирхийллийг намжаахаар орж ирсэн бөгөөд өнгөрсөн пүрэв гаригаас эхлэн цэргээ гаргаж эхэлсэн юм.
ХАБГБ-ын цэргүүд Казахстан улсаас гарсны дараа баривчлагдсан хүмүүсийг зодож, эрүүдэн шүүсэн тухай гомдол гарах болсон. Уг явдалтай холбогдуулан Ерөнхийлөгч Токаев бямба гарагт цагдаа нарт хүчирхийллээс зайлсхийхийг тушааж, онц хүнд гэмт хэрэг үйлдээгүй хүмүүст “зөөлөн хандах”-ыг прокурорт сануулжээ. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас бямба гаригт цэрэг тээвэрлэж явсан бүх онгоц буцаж ирсэн гэдгийг албан ёсоор мэдэгдсэн бол ХАБГБ-ын бусад орнуудын цэргүүд Казахстанд үлдэх эсэх нь тодорхойгүй байна.