Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Токио-2020 олимпийн хүрэл медальт жүдоч Мөнхбатын Уранцэцэг өнөөдөр Хөдөлмөрийн баатар цолны найраа хийж байна. Энэ үеэр тэрбээр жүдо бөхөөс албан ёсоор зодог тайлж байгаагаа дуулгалаа.
Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг “Өнөөдөр энд хамгийн эрхэм, дотнын хүмүүс минь цугларчээ. Би нэгэн том шийдвэрийг хэлэх гэж байна. Яг өнөөдөр жүдогийн амьдралыг орхиж байгаа. Жүдо дахиад барилдахгүй. Тэгж хэлэхээр хэцүү байна. 16 жил жүдо бөхөөр хичээллээд сайхан хамт олон, найз нөхөдтэй боллоо, бүгдэд нь баярлалаа гэж хэлье. Үе үеийн багш нартаа маш их баярлалаа. Үүнээс хойш холимог тулааны UFC-д орохоор болсон. Тун удахгүй та бүхэндээ аваргын бүсийг авчирна гэж амлая. Нийт жүдогийн хамт олонд маш их баярлалаа. Хайртай аав ээж, багш, гэр бүл бүгдэд нь маш их баярлалаа. Маш их хайртай шүү" хэмээн амлалаа.
Мөнхбаярын Уранцэцэг нь 2012, 2016, 2020 онуудад гурван олимпын наадамд оролцсон, мөн Жүдо бөхийн дэлхийн аваргаас алт, мөнгө, хошой хүрэл медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй тамирчин юм. Тэрбээр 2017 онд жүдо бөхийн Ази тивийн аваргаас алтан медаль хүртсэн бөгөөд 2010, 2014 онд самбо бөхийн дэлхийн хошой аваргаар шалгарч байлаа. Уранцэцэг нь 2019 оны арванхоёрдугаар сард Монголоос "Team Visa"-д сонгогдсон анхны тамирчин болсон бөгөөд ТОКИО-2020 наадмаас хүрэл медаль хүртээд байна.
Дээр дурдсан бахдам амжилтуудаас гадна МУГТ Уранцэцэг нь 2010 оны арванхоёрдугаар сарын 17-ноос 2021 оны гуравдугаар сарын 26-ны хооронд буюу 11 жилийн хугацаанд Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны World Tour тэмцээнээс -48 кг, -52 кг-ын жингүүдэд 13 алт, 11 мөнгө, 15 хүрэл нийт 39 медаль хүртсэнээр "Гиннесийн дээд амжилт" эзэмшиж байна.