Баасан гарагт аврагчид баруун өмнөд хэсэгт орших Гванжу хотод нурсан орон сууцны барилгад дарагдсан ажилтны цогцсыг олжээ. Сураггүй алга болсон зургаан ажилтны нэг гэж таамаглаж буй үл мэдэгдэх эрэгтэй хүний цогцсыг Сөүлээс өмнө зүгт 330 км-ийн зайд орших Гванжу хотын эвдэрсэн барилгын нэгдүгээр давхарын шатны хашлагын дэргэдээс олсон байна. Барилгын нурангиас ажилчдыг эрэн хайх, аврах ажиллагаа 4 дэх өдрөө үргэлжилж байна.
Энэ долоо хоногийн Мягмар гарагт Гванжу хотод баригдаж буй 39 давхар барилгын гадна хана нурж, барилгын ажилчид дарагджээ. Мягмар гарагт хийсэн анхны эрэн хайх ажиллагааны үеэр гурван ажилчныг аварсан бөгөөд тэдний нэг нь нурангид дарагдаж шархадсан байна. Харин барилгын дээд давхарт ажиллаж байсан зургаан хүнийг өнөөдрийг хүртэл олоогүй байна.Эрэн хайх, аврах ажиллагаанд багагүй хугацаа шаардагдана гэж эрх баригчид мэдэгджээ. Учир нь нурсан хана зэрэг хүнд зүйлсийг өргөх, барилгын арматурын төмрийг буулгах, тастаж авах гэхчилэн олон ажлуудыг хийх хэрэгтэй байгаа аж.