Холливүүдийн жүжигчин Алек Болдуин Нью Мексикийн нэгэн киноны зураг авалтын үеэр санаандгүйгээр хүний амь насыг хөнөөсөн хэргээр шалгагдаж буй. Тэрээр зураг авалтын талбайд ашиглаж байсан гар утсаа мөрдөн байцаагчид шалгуулахаар хураалгасан байна.
Өнгөрсөн оны 10 дугаар сард болсон “Зэв” киноны зураг авалтын талбайд золгүй явдал болж зураглаач Халина Хатчинсийг жүжигчин Алек Болдуин буудаж аминд нь хүрсэн. Хиймэл сумтай буугаар буудах байсан ч буунд жинхэнэ сум байсныг жүжигчин эр мэдээгүй гэдгээ эхний мэдүүлэгтээ дурдсан байдаг. Уг хэргийн мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж буй бөгөөд Алек Болдуин Нью Йорк дахь гэрийнхээ ойролцоо мөрдөн байцаагчидтай уулзаж гар утсаа өгсөн гэж жүжигчний ойрын эх сурвалж сэтгүүлчдэд хэлжээ.
Энэ долоо хоногийн эхээр цагдаа нар жүжигчин Алек Болдуиныг мөрдөн байцаах ажиллагаанд хамтран ажиллахгүй байна гэж буруутгаж байсан юм. Санта Фе тойргийн Шерифийн хэвлэлийн төлөөлөгч Хуан Риос баасан гарагт Лос Анжелес Таймс сонинд өгсөн ярилцлагадаа цагдаа нар уг хэргийн мөрдөн байцаалтын хүрээнд гар утаснаас мессеж, дуут шуудан гэх мэт мэдээллийг цуглуулах бодолтой байна гэдгээ дурджээ. Ярилцлага нийтлэгдсэний дараа Алек Болдуины өмгөөлөгч Аарон Дайер CBS News-т “түүний үйлчлүүлэгч сайн дураараа утсаа шилжүүлсэн. Гэхдээ энэ асуудал түүний утсанд хамаарахгүй бөгөөд түүний утсанд хэрэгтэй холбоотой ямар ч дуут шуудан, э-мэйл байхгүй. Миний үйлчлүүлэгч энэ хэргийн буруутан биш” гэж ярьжээ.
Харин мөрдөн байцаагч, хуульчид Алек Болдуин болон киноны продюссерууд зураг авалтын талбайд аюулгүй байдлын протоколыг дагаж мөрдөөгүй гэж буруутгаж буй юм.