Хийж чадна, болно гэсэн итгэлээр өөрт байсан бүхий л хөрөнгө болох байраа зарж “Маяара” брэндийг үүсгэн байгуулсан Э.Азжаргалыг бид онцлон “Гашуун яриа” нэвтрүүлэгтээ урилаа. Монголыг дэлхийд таниулах хүсэлдээ хөтлөгдсөн тэрбээр бизнес эрхэлж буй хугацаандаа бүтэлгүйтэж байсан түүх болон олны хэл аманд өртөж элдвээр доромжлуулж байсан талаараа ярьсан юм. Мөн тэрбээр дотоодын жижиг түрээслэгчдийг ноцтой хохироож байгаа асуудлыг ч хөндлөө.
-Өөрийгөө товч танилцуулахгүй юу. Маяара брэндийг анх хэрхэн үүсгэн байгуулж байв?
Намайг Э.Азжаргал гэдэг Маяара трейд компанийг үүсгэн байгуулагч. 2018 онд үйлдвэрлэгч болох замнал сонгоод түүнээс хойш энэ салбарт ажиллаж байна. Үүний хоёр жилд нь хөл хориотой яах аа мэдэхгүй байдалтай байж байгаа. Маяарагийн гол зорилго, үндэсний өв соёлыг түгээх, дэлгэрүүлэх, иргэн болгоныг өв тээгч болгох зорилготой. Монгол дээл хувцастай хүн хэзээ ч ёс бус зүйл хийж, ёс бус зан үйл гаргадаггүй. Хүнтэй хүндэтгэлтэй харьцах гэх мэт. Түүхэндээ улбаалж ирсэн энэхүү хувцас хэрэглэл нь төлөвшилд нөлөөтэй байдаг. Үүгээр дамжуулаад гоё сайхан мэдлэг мэдэгдэхүүн өгөх, Монголоо хайрлах, хүн чанар дотор руугаа өнгийж, Монголоо хайрлах хандлага соёлыг түгээх зорилготой. Америкийн засгийн газрын хөтөлбөрт нэг сард явсан юм. Дэлхийн 20 улсаас сонгосон. Би Монголоос сонгогдоод явсан. Хүмүүс Монголыг мэдэхгүй, Монгол гэхээр улаан хацартай, морь унасан байдлаар төсөөлдөг. Морио унаад хичээлдээ явдаг уу гээд л. Иймэрхүү асуулт асууна. Эсвэл Монголыг мэдэхгүй Өвөр-монгол, Хятадын жижиг үндэстэн гээд бодоод байдаг юм. тухайн үед надад тээглэж бачуурсан сонин мэдрэмж төрж байсан. Би бүхэл бүтэн улсаа төлөөлж байж Монголоо таниулж чадахгүй ийм байхаараа яадаг юм бэ гээд л. Монголоо сурталчилдаг хүн болох санаатай Монголдоо ирж байсан. Мэдээж юу хийхээ мэдэхгүй зүгээр хоосон санаа. Мөнгө байхгүй. Тэгээд л анх бизнесээ эхлүүлэхдээ ээж аав хоёрт хэлсэн. Ийм бизнес хиймээр байна гэхэд аав, чиний санаа зөв байна, зориг чинь зөв байна, хамгийн гол нь аав ээж хоёрт нь гаргаад өгөх мөнгө байхгүй. Аав нь өнчин өрөөсөн өссөн. Хоёрхон охинтой. Та хоёрыг хүний гар харуулахгүйн тулд хоёр байр бэлдсэн. Чи өөрийнхөө байрыг зарна уу, үрнэ үү, бизнесээ хийгээд амжилтад хүрнэ үү, эсвэл дампуураад гудамжинд гарна уу, хүнтэй суугаад өөрийндөө амьдарна уу, тэр бол чиний сонголт. Байраараа тоглох эрхийг чамд өгье. Чи үнэхээр үүнийг хиймээр байгаа юм бол гээд надад хэлж байсан. Байраа зараад анх Центр пойнтын тэнд түрээсийн үйлдвэрийн байртай болсон. Тэнд би хоёр жил амьдарсан. Тэр хугацаанд жинхэнэ минимал амьдралаар амьдарсан. Нэг хувцсаа 7-14 хоног өмсдөг. Хоёр ээлжийн турсик, оймстой. Усанд орох боломж байхгүй. Эмэгтэй хүний ариун цэврийн асуудал хэцүү шүү дээ. Барианы шилтэй. Түүгээрээ хамаг зүйлээ угаадаг. Өдөр болгон өмссөн хувцсаа дор дор нь угаагаад, ийм байдалтай хоёр жилийг өнгөрөөсөн.
-Бүтээгдэхүүнээ анх хаана хэрхэн борлуулж эхэлсэн бэ?
2018 онд Шангрилад жижигхэн монгол гэр шиг киоск байдаг шүү дээ. Түүгээр анх борлуулалт хийж байсан. Тэнд өглөө 10:00-22:00 цаг хүртэл худалдагчаа хийгээд, үйлдвэр дээрээ үүр цайтал ажиллаад, улаан нүдэлсэн нойргүй ажилладаг байсан. Үүнээс улбаатай одоо миний дархлаа уначихсан. Би эрэгтэй хүн биш. Тусалж дэмжих хань ижил, найз залуу байхгүй хүн яах аа мэдэхгүй шүү дээ. Монгол гэр шиг юм хиймээр байна гээд л хар зураг гаргаад, модоор хийх гэсэн угзруулж матаж хийх хэцүү юм байна гээд төмрөөр хийх гээд л Гурвалжингийн гүүрээр төмрийн үйлдвэрүүдээр орсон чинь наадах чинь бүтэхгүй гээд Эрээнд нэг юм хийлгэв ээ. Гоё ирэх байх гэсэн хав хар төмөр. Би уг нь их гоё ирэх байх гэсэн үхрийн хар сараалж шиг юм. Тэгээд л яах аа мэдэхгүй, фэйсбүүктээ пост бичээд л. Тэгсэн чинь машин засдаг гурван залуу гарч ирээд тэдний гражинд аваачиж тавиад. Тэндээ хааяа машин засдаг. Жоомтой газар хооллоод л үүр цайтал өнөө төмрийг зүлгээд л, замаскдаад гараа цэврүү үсэртэл нөгөө залуучуудтай ажилласан. Тоос болоод л үс зүс сааралтчихсан. Ингэж л байсан. Би одоо боддог юм. Уналт босолт янз бүрийн зүйл хүний амьдралд байна шүү дээ. Мэдээж эрсдэлтэй гэж бодоод суух юм бол юу ч хийж чадахгүй. Юуны ч захад хүрэхгүй. Магадгүй ингэж алдаж болдог юм байна. Айдас ингэж мэдрэгддэг юм байна. Адреналин ингэж ялгардаг юм байна гэдгийг хэзээ ч мэдэхгүй. Хэцүү цаг үе зөндөө байсан. Энэ мэдрэмжийг аваад үлдсэндээ үнэхээр баяртай байдаг.
-Шантрах үе олон байв уу?
-Шантарна. Энэ үедээ яах гэж эхэлснээ сана л гэдэг юм. Нэгэнт эхлүүлж энд хүрчхээд буугаад өгөх юм бол хохь чинь гэдэг. Өөрийгөө шахахаар би хааяа боддог л доо. Өөрийнхөө оюун бодол, биеэ зовоогоод л албатай юм уу гээд л өөрөөсөө өөрийгөө өмөөрнө. Би их дайчин бас зоригтой.
– Шангрилла дээр асуудал үүссэн. Эцэслэн шийдэгдээгүй хоёр жил болж байна гэсэн шүү дээ. Энэ талаараа тодруулахгүй юу?
Шангрилла дээр асуудал үүссэн. Тэвчээрийн утас тасарна гэдэг шүү дээ. Он гараад зээл төлөгдөж эхэлнэ. Би сард 14-15 сая төгрөгийн зээл төлдөг. Ажилчдын цалин урсгал зардал гээд л. Тэгэхэд бүх салбар байхгүй. Би сардаа 20 саяыг хаанаас олох юм бэ. Яагаад түрээсийн асуудал үүссэн юм бэ гэхээр, би Африк явсан юм. НҮБ-ын хурал Африкийн Кени улсад болоод. Энэ удаагийн арга хэмжээнд бид иргэний төлөөлөл авч явах болсон гээд НҮБ-аас миний зардлыг бүгдийг нь даагаад явуулсан. Яагаад намайг явуулсан бэ гээд би боддог юм. Гарааны бизнес эрхлээд явж байхдаа гурван жил дараалаад нийгмийн ажил хийсэн байдаг. Түүнийгээ би ажил хийлээ гээд лайвдаад л, тууз хайчилж байгаагүй. Чимээгүй хийгээд л явж байсан. Эмэгтэйчүүд хүүхдийн эрүүл мэнд, хүчирхийлэлд өссөн эмэгтэйчүүдийн хангамжийн асуудал хүнд байдаг. Түүн дээр ажил хийж байсан. Тэгээд ганцаараа бизнес хийгээд хувиа хичээж баяжна гэж боддоггүй. Энэ нийгэмдээ ямар нэг байдлаар хувь нэмэр оруулах ёстой хүн гэж боддог. Тэндээс би хлор туссан. Энэ нь хоол, ходоодны өвчин. Тэр нь түүхий ус, жимс ногооноос болж өвддөг өвчин. Бэлгийн замаар авдаггүй. Би хэвтэрт орсон байсан. Гурван литр ус шиг зүйл дээш доош гараад л. Тэр нь биеийнхээ эрдсийг алдаж байгаа гэсэн үг. Тэр нь гараад дуусахаар шөрмөс булчин зангираад өвддөг өвчин. Булчин зангирах тахал гээд. Биеийн байдал ийм хэцүү байх үед Шангрилла миний гэрээг ийм байдалд оруулсан. Би гүтгүүлээд үзчихсэн болохоор ойлгодог. Гүтгүүлэх муухай байдаг юм байна гээд. Хлори тусчихсан байж байхад, “Бөгс Одбаяр” гээд хүн байсан. Нэг хүний дуулианыг дарахын тулд өөр дуулиан гаргаж ирдэг юм билээ. Монгол хүн Африк яваад хлори туссан байна гээд л зурагт радио сайтуудаар яваад л. Намайг комментоор, “алж шатаа”, “харуудтай тэгсэн”, “сармагчингуудтай тэгсэн”, “наадах чинь эбола вирус туссан. Монголчуудыг хоморголон устгаж байна” гээд битүү. Нэгнийхээ сэтгэгдлийг дэмжээд эмэгтэй хүний дорд үзэж болох бүх муухай өвчнийг тэнд бичдэг юм билээ. Аав залгаад л, миний охин хэзээ ч тэр сэтгэгдлүүдийг уншиж болохгүй шүү гээд л. Ээж гандан орж ном уншуулаад л. Тэгээд л үхэх үү үгүй юу гэдгээ шийдэх гээд байж байхад, намайг дөнгөж эдгэх үед манай гэрээ, түрээсийг чинь ингэнэ тэгнэ гээд л асуудал үүссэн. Том жижгээр нь хүмүүсийг ялгаварлан гадуурхаж байна. Хүч чадлыг хүчтэй нь хүчгүйдээ үзүүлж байна. Ийм байхад манайд ямар бизнес хөгжих вэ дээ.
-Энэ бүхнийг хэрхэн даван туулсан юм бэ?
Бодоод л байсан юм билээ. Ковидийн үеэр би гэртээ мах авах мөнгөгүй болсон шүү дээ. Мах битгий хэл жигнэмэг боов ч авах мөнгөгүй. Хамаг зүйлээ шавхаад, ажлынхандаа цалингаа тавиад л хэцүү байсан. Тэгээд л яах гэж амьдарч байгаагаа ойлгохоо болиод , хоёр жил шүүхдэлцэхээр цээжинд юм байгаад байдаг юм билээ. Тэгээд л мэдэгдэл хийсэн чинь онгойчихсон. Ёс бус байна гээд бодоод байсан зүйлээ гаргачихсан чинь онгойчихсон. Ковидийн үед амиа хорлоод үхмээр санагдсан. Цаашдаа тэгээд л болно. Ямар эдгэшгүй өвчин туссан байгаа биш. Амьдарна. Амьд хүн аргатай гэдэг шүү дээ. Одоо маш гоё үйлдвэр нээчихсэн байгаа. Монголдоо хамгийн анхны хамтын үйлдвэр. Хийж чадна гэдгээ мэдэж байна гээд л нээсэн. Над шиг хэцүү байдалд орчихсон хүмүүсийн цуглардаг үйлдвэр гэсэн үг. Уг нь 500 м.кв 80 хүний ажлын байр бэлдсэн. Есдүгээр сарын 1-нд нээсэн гэж бодоход нэг л хүн ажилд орж, түрээсэлж байна. Хэлж яриад яваад байгаа хэрнээ, нэг юм анзаарагдаж байгаа нь монголчууд нэгдэж чадахгүй байна. Би бол зүгээр эд эс шүү дээ. Маяара Монголын эдийн засгийн жижиг эд эсийн нэг. Миний алдаа бол миний алдаа. Тиймээс би хүнд чи чадна, зоригтой бай гэж чадахгүй. Үүнийг хийж чадна гэсэн зөн совин орж ирдэг шүү дээ тэр нь орж ирвэл хийгээд үзэхэд буруудах зүйл байдаггүй. Тэгэхээр хийгээд үз гэж хэлмээр байна. Яг юуны тулд хийх гэж байгаагаа маш сайн ойлгох ёстой. Түүнийгээ ойлгосон хүн ямар ч асуудал гарахад “жанжин шугам” нь нураад бууж өгөхгүй.