“Уухай” хамтлаг Монгол үндэстний соёлын өв болох хөөмий, уртын дуу, морин хуурын аялгууг рок хөгжимтэй хослуулан “Монгол рок” урсгалыг бий болгож буйгаа зарлан, анхны уран бүтээлээ сонсогчдын хүртээл болголоо.
“Хүн сүрэг” нэртэй тус уран бүтээлийг Соёлын яам, Соёл, урлагийг дэмжих сангийн туслалцаатайгаар бүтээсэн байна.
Монголчуудын соёлын өв, оюуны бүтээлийг дэлхийд гайхуулж, экспортлох асар их боломж байгааг “Хү” хамтлаг харуулсан. Энэ жишгээр “Монгол рок” урсгалыг дэлхийн чихнээ хүргэх зорилготой “Уухай” хамтлаг 2016 онд байгуулагджээ.
Тус хамтлагийн шинээр гаргаж буй “Монгол рок” урсгалын үндсэн элемент нь хөөмий, хархираа зэрэг гагц монголчуудын соёлын өвийг уртын дуу, морин хуур, товшуур, цуур, төмөр хуур, хэнгэрэг зэрэг хөгжмийн зэмсгийн дуугаралттай хослуулан орчин цагийн рок хөгжмийн зэмсэг, элементтэй уусган нэгтгэж энэхүү цоо шинэ урсгалыг бий болгосноороо онцлогтой.
“Уухай” хамтлаг нь монголчуудын соёлын өв, монгол хүний оюуны бүтээл, чадамжийг дэлхийд сурталчлан таниулж эхэллээ. Улмаар эдийн засгийн эргэлтэд оруулах, үндэсний соёлын үнэт зүйлээ хайрладаг, бахархдаг, дэлхийн хөгжилтэй энэ зэрэгцэх ирээдүй хойч болсон залуу үеийг төлөвшүүлэхэд эерэг нөлөөлөл үзүүлж, дэлхийн сая сая иргэд, жуулчдад Монгол Улсаа сурталчлан таниулахыг зорьж байгаа аж.