Нийслэлийн эрүүл мэндийн газраас халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх өрхийн эмнэлгийн цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа. Тодруулбал, өрхийн эмнэлгүүд ажлын өдрүүдэд 20:00 цаг хүртэл, амралтын өдөр 10:00-15:00 цагийн хооронд ажиллахаар болсон байна.
Одоогоор 22 мянга гаруй хүн өрхийн эмчийн хяналт дор гэрийн тусгаарлалтад эмчлүүлж байна. Эдгээр хүмүүсээс өрхийн эмнэлгийнхэн өвчтөнийг хүнд, хөнгөн байдлаар эрэмбэлж, эмнэлэгт шилжүүлж буй. Эмнэлэгт 5889 хүн хэвтэн эмчлүүлж байна. Хүний нөөцийн асуудал маш хүнд байгаа учир ор дэлгэх боломжгүй. Өрхийн эмнэлгүүд ч маш ачаалалтай ажиллаж байна. Тиймээс ЭМЯ, Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтарч, өрхийн эмнэлгүүдэд сайн дурын ажилчдыг нэмэгдүүлнэ хэмээн ЭМЯ-наас мэдээлсэн. Нийслэл болон орон нутгийн хэмжээнд 225 өрхийн эрүүл мэндийн төв ажиллаж буй.