
“Урагш алхъя” төслийн хүрээнд Сингапурт төвтэй Splice байгууллагын хийсэн хэвлэл мэдээллийн зах зээлийн аудитын үр дүн, зөвлөмжийг өнөөдөр танилцууллаа. Splice медиа старт апын компани долоон жилийн турш үйл ажиллагаагаа явуулж буй туршлагатай.
Хэвлэл мэдээллийн зах зээлийн аудитын хүрээнд дижитал медиа старт апууд, олон жилийн түүхтэй мэдээллийн компаниуд, ТББ-ууд, сэтгүүлзүйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэгч их сургуулийн багш, дөнгөж ажлын гараагаа эхэлж буй сэтгүүлч нар, чөлөөт сэтгүүлчид, YouTube контент бүтээгчидтэй ярилцжээ.
Splice Media байгууллагын үүсгэн байгуулагч Алан Сүүн:
Материалд орсон “Монголд хэвлэлийн эрх чөлөө бий, харин чөлөөт хэвлэл байхгүй” гэх эшлэл анхаарал татсан. Монгол Улсад 500 гаруй медиа компани байдгаас олонх нь медиа гэхээс илүүтэй маркетингийн шинжтэй үйл ажиллагаа явуулж байна. Хөрөнгө оруулалт тааруу байдгаас болж ажилчдын цалин орлого болон сурч хөгжих, чадваржих нь дутмаг байна гэж харсан. Өөрөөр хэлбэл ирээдүйг хараагүй байдал монголын медиа салбарт ажиглагдсан.
Дижитал эрин үеийн салбарын ажилчдыг бэлдэхгүй байгаа нь харамсалтай. Хэрэглэгчдэд төвлөрсөн, хоорондоо ялгаатай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх шаардлагатай гэж харсан. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд нийтлэл хэлбэрт тулгуурлах бус арай өөр хэлбэр байдлаар зорилтот контентыг бий болгох хэрэгцээ байгаа нь ажиглагдсан. Дээрээс нь хэрэглэгчдийг сонсож, бүтээгдэхүүнээ хөгжүүлэх хэвлэл мэдээллийн салбарыг тойрсон хөгжүүлэлт шаардлагатай болов уу” гэлээ.
"Монгол Улсын хувьд 6,800 хүнд нэг медиа компани оногдож байна"
ЗӨВЛӨМЖ:
- Бие даасан хэвлэл мэдээллийн байгууллагуудад зориулж жижиг, тодорхой зорилготой сан байгуулах. Санг хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүд болон ТББ-уудын хамтын нийгэмлэг удирдан чиглүүлж, дижиталд суурилсан, хэрэглэгчийг чухалчилдаг редакцуудыг бий болгох зорилготой.
- Ёс зүйн дүрэм. Мэргэжлийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн стандартыг дээшлүүлэхийн тулд сэтгүүлчид төдийгүй контент бүтээгчдэд хамаарах дүрэм, зөвлөмж, бүхий ил тод, гэрчилгээжүүлэх хөтөлбөрөөс бүрдэх цогц ёс зүйн дүрмийг бий болгох хэрэгтэй. Энэ нь редакцын болон санхүүгийн үйл ажиллагааны ил тод байдалд төвлөрнө.
Энэхүү тайлан нь монголын хэвлэл мэдээллийн салбарыг цаашид бизнес зарчмаар хөгжүүлэхэд анхаарах ёстой зүйлсийг оновчтойгоор анхаарч гаргаж ирж чадсан гэж дүгнэж байгаагаа Сэтгүүл зүйн инновац хөгжлийн үүр төв НҮТББ-ын гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч Б.Дуламхорлоо хэлсэн.
Монголын Хэвлэлийн хүрээлэнгээс 2019 онд хийсэн судалгаагаар Монгол Улсад 84 сонин, 51 радио, 140 телевиз, 154 вебсайт гээд нийт 502 хэвлэл мэдээллийн хэрэгсэл байна.