Францад сурагчид, ажилчдынхаа хамгаалалтыг сайжруулахыг шаардан хэдэн арван мянган багш орон даяар ажил хаялт зарлалаа. Францын Засгийн газрын Ковид-19-ийн эсрэг авч хэрэгжүүлж буй ажил, дүрмийг эсэргүүцсэн багш, сурагчид, ажилчдыг коронавирусийн халдвараас хамгаалах хамгаалалтыг сайжруулахыг шаардаж байгаа юм.
Багш нар, эцэг эх, сургуулийн захирлууд цар тахал болон сургууль дээрх Ковид-19-ийн эсрэг шийдвэрүүд нь эргэж буцаж буйд бухимдацгааж байна. Францын багш нарын SE-UNSA эвлэл Боловсролын сайд Жан-Мишель Бланкерийг огцорхыг шаардаж буй.
Ерөнхий сайд Жан Кастекс пүрэв гарагт багш нарын төлөөлөлтэй уулзана гэж түүний ажлын алба мэдэгдэв.
Зүүний үзэл баримтлалтай хэд хэдэн нэр дэвшигч (Ерөнхийлөгчийн сонгуульд), тэр дундаа багш нарын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх хөтөлбөр тусгасан социалист Энн Идалго, зүүний үзэлтэй Жан-Люк Меленшон нар Парисын эсэргүүцлийн жагсаалд оролцож байна.
Багш нарын ажил хаялтад Францын нийт бага сургуулийн багш нарын 75 орчим хувь, ахлах сургуулийн 62 хувь нэгдсэн гэж үйлдвэрчний эвлэлүүд мэдэгдсэн бол Боловсролын яамны тоо баримтад энэ тоог хамаагүй бага буюу бага сургуулийн багш нарын 38.5 хувь, ахлах сургуулийн багш нарын ердөө 24 хувь хүрэхгүй нь нэгдсэн гэж бичжээ.
Цар тахлаас үүдэлтэй хөл хорионд хүүхдүүд хамгийн ихээр хохирч сурч боловсрох, нийгэмших зэрэг олон эрх нь зөрчигдөж, ирээдүйд нь шууд нөлөөлнө гэдгийг дэлхийн даяар, НҮБ-аас хүртэл мэдэгдэж, улс орнуудыг коронавирусийн халдварын эсрэг тэмцэх дүрэм, журамдаа боловсролын салбараа анхаарахыг уриалж буй.