Шинэ оны эхний өдрөөс Казахстан улсад шингэрүүлсэн хийн түлшний үнэ хоёр дахин өссөн нь жагсаал тэмцэл эхлэхэд хүргэсэн юм. Гэвч энэ тэмцэл сүүлдээ улс төржиж, эрх баригчдын эсрэг бослого болж хувирсан. Казахстаны хэд хэдэн хотод босогчид засгийн газрын байруудыг галдан шатааж, цэрэг цагдаагийн хүчтэй цуст мөргөлдөөн үүсгэжээ. Лхагва гарагийн өглөө тус улсын ерөнхийлөгч Кассым-Жомарт Токаев тэмцэгчдийн шаардлагыг хүлээн авч, засгийн газраа огцруулсан юм. Шинэ засгийн газраа байгуулж, сүйрсэн хотуудаа сэргээн, бослогын үеэр амь үрэгдсэн иргэддээ хүндэтгэл үзүүлэх зэрэг үйл ажиллагаануудыг эхнээс нь хийж эхэлсэн байна. Иймд бид Казахстан улсын Алматы хотод оршин суудаг Монгол иргэдээс одоогийн нөхцөл байдал ямар байгаа талаар тодрууллаа.
Казахстан улсын Алматы хотод оршин сууж буй Иргэн Ч-тэй цахимаар холбогдож, нөхцөл байдлын талаар ярилцлаа.
Сайн байна уу? Та Казахстан улсад хэр хугацаанд амьдарч байна вэ?
– Би Казахстан улсын Алматы хотод хоёр жил гаруй хугацаанд амьдарч байна.
Эсэргүүцлийн жагсаал Казахстаны газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч монополь “Тенгизшевройл” компанийн салбарууд байрладаг хотуудад гарсан гэж сонссон?
Нефтийн үнэ нэмэгдсэнээс болж бослого гарсан. Нефть үйлдвэрлэдэг хотод газ хамгийн хямдхан байдаг. Литр нь 50 тенге байдаг. Гэтэл газны үнэ өсөж, нэг литр газ 126 тенге болсон. Бослогын анхны эх үүсвэр тэрнээс л гарсан. Тэр хотын иргэд бослого тайван амгалан хийсэн. Үүнээсээ давлагаалаад хамгийн аймшигтай бослого Алматыд л болчих шиг боллоо. Алматыд эхлээд ард иргэдийн бослого байж байгаад сүүлдээ дээрэм тонуул болоод цагдаа, иргэдийн хооронд мөргөлдөөн үүссэн.
Үймээний үеэр Алматы хотын даргын албан газар руу нэвтрэхийг завдсан олон зуун жагсагчийг хориглохын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий, чанга дуутай тэсрэгч зэргийг ашигласан гэсэн. Хүмүүс их бэртэж гэмтсэн үү?
Лалын шашинтай улс учраас нууж хааж байгаа юм зөндөө байгаа. Одоо хүртэл ард иргэдээс нас барсан хүний тоог гаргаагүй. Маш олон хүн амь насаа алдсан. Сүүлд акагаар бараг шүршчихсэн. Үүнийгээ ч гэсэн нуугаад л байгаа. Лалын шашинтай улсууд хэцүү шүү дээ.
Гаднын улсын иргэдийг энэ бослогыг өдөөн турхирсан гэж үзэж байгаа юм билээ?
Одоо бол бүх юм намжсан. Нэгдүгээр сарын 19-ныг хүртэл онцгой байдал зарласан. Орой 23:00 цагаас өглөө 07:00 цаг хүртэл шөнийн цагаар хаашаа ч гарч болохгүй гээд хөл хорио тогтоосон. Түүнээс биш өдрийн цагаар буцаад байдал хэвийн болсон. Одоо дандаа баривчилгаа явагдаж байгаа. Энд гаднынхныг турхирсан гэж үзэж байгаа учраас гадаадын иргэд тэр тусмаа Киргиз, Узбекистан мусульман шашинтай хөрш зэргэлдээ улсуудын иргэдийн ихэнхийг нь баривчилж байгаа. Яагаад гэвэл тэднийг турхирсан гэж үзэн иймэрхүү байдалтай баривчилгаа л их хийж байна даа.
Манай улсын иргэд Казахстан улсад хэр их байдаг вэ?
Монгол улсын иргэд казак үндэстэн харьцангуй олон. Харин халх үндэстэн цөөн байдаг. Ноднин манай улсын иргэд олон байсан ч цар тахал гарч хөл хорио тогтоож, хил хааснаас хойш эрс багассан.
Интернет хэсэг хугацаанд хаасан хэзээнээс интернет хэвийн байдалд орсон бэ?
Интернет гурванаас салаад уржигдраас л буцаж ирсэн. Гаднын иргэдийг шалгаж байгаа ч манай монголчуудын хувьд харьцангуй гайгүй. Казахстан улсын Алматы хотод маш олон улс үндэстний иргэд амьдардаг. Тэр утгаараа гадаадын иргэдийг шалгаж байгаа. Манай эхнэр миний дугаар руу залгахаар Казахстан хүн авчхаад юм яриад байна гэсэн. Монголоос эхнэр маань над руу урд нь залгаад яриад болоод байдаг байсан юм. Тэгэхээр сонин байгаа биз.
Мөн Иргэн Б-тэй холбогдож нөхцөл байдлыг тодруулсны дараагаар Алматы хотод зургаа гаруй жил амьдарч буй иргэн Н-тэй холбогдлоо.
Одоо Казахстан улсад нөхцөл байдал ямар байна вэ?
Бослого Казахстаны 14 аймгийг хамарсан. Гурван том хот халдлагад өртсөн. Хамгийн ихээр өртсөн нь миний амьдарч байгаа Алматы хот. Уржигдар шинэ засгийн газраа байгуулсан. Тухайлбал ерөнхийлөгч өөрөө Алматы хотод ажиллаж байна. Ойрын хугацаанд Алматыг урьд байснаас илүү том сайхан, үзэсгэлэнтэй хот болгохоор зорьж байна. Том компани байгууллагууд хандив тусламж өргөсөн. Дөрвөн аймгийн онцгой байдлыг татан буулгасан байгаа. 10 хоногийн дотор энхийг сахиулагч нар, гаднаас орж ирсэн цэргүүдийг өнөөдрөөс эхэлж бүрэн гаргах гэж байна. Газ бензиний үнэ хэвийн байдалдаа орж хол ойроосоо хамаараад 50-75 тенгений хооронд. Манай Монгол мөнгөөр 50 тенге гэхээр 350 төгрөгийн үнэтэй болгосон байгаа. АИ 95 хамгийн доод хэмжээндээ буюу 200 тенге гэдэг чинь 1400 төгрөг болгож хямдруулсан байгаа.
Баривчилгаа хяналт шалгалтын үйл ажиллагаа үргэлжилсээр байна уу?
Бүх байрны оршин суугч гаднын, түр, хууль ёсны хууль бусаар амьдарч байгаа иргэдийн дунд шалгалт зохион байгуулж бүх орон байраар явж бичиг баримтыг шалгаж тэнд байгаа орогносон хар тамхичид мэтийн хүмүүсийн буу зэвсгийг хураан авч шалгалт үргэлжилж байгаа. Энд зэвсгийн наймаа чөлөөтэй байдаг. Ард иргэдийн гар дээр нэлээд буу зэвсэг байгаа нь энэ үйл явдлаас тодорхой харагдаж байна. Тиймээс буу зэвсэг нуун дарагдуулах ийш тийш нь авч явах зэвсгийн дэлгүүрийг тоносон улсууд байж болзошгүй хүмүүс зорчиж байгаа учраас олон газар давхар давхар шалгалт хийж байгаа. Буу сум тэсрэх бөмбөг илрүүлсээр л байна. Байдал хэвийн байгаа ч пост бүр дээр шалгаж явуулж байгаа. Бичиг баримтыг нэгдсэн журмаар шалгаж цэвэрлэгээ хийгдэж байна.
Манай улсын иргэд Казахстан улсад хэр их байдаг вэ?
Албан бус тоогоор манай улсаас иргэншил гэхээсээ илүүтэйгээр Баян-Өлгийн аймгаас очиж амьдарч суурьшсан хүмүүс голчлон их байдаг. Тэгэхээр 4000 гаруй хууль ёсны болон хууль бус хүмүүс ажиллаж амьдардаг гэсэн тооцоо байдаг юм билээ. Түүнээс ихэнх нь Баян-өлгий аймгийн хүмүүс байдаг. Хэл, үндэс адил учраас чөлөөтэй нэвтэрдэг. Манай Монголоос цөөхөн хэдэн бизнесмен хүмүүс байдаг. Алматы хотод манай монгол залуугийн ажиллуулдаг гурав дөрвөн салбар бүхий дэлгүүрийн нэг нь халдлагад өртсөн.
Ямар шалтгаанаар интернетийг хэсэг хугацаанд хаасан бэ?
Интернет хаасан нь хоорондоо холбоо сүлбээтэй террорист, босогчид хоорондоо холбогдож гадаад дотоод руу зугтах оролдлого эсвэл буу зэвсгийг дамжуулах хоорондоо өөр газар бослого гаргаж болзошгүй гэх шалтгаанаар хоёр, гурван хоног түр хугацаагаар хаасан. Зөвхөн хоорондоо ярьдаг суурин утас ажиллаж байсан. Улсаас бүх иргэддээ 300 минутын ярианы эрх 300 мессежний эрхийг үнэгүй бэлэглэсэн. Эхний сарын интернетийн үнийг цуцалсан байгаа.
Шинэ засгийн газраа байгуулж 10 том зорилт тавьсан гэж сонссон. Ямар ямар зорилтууд тавьсан бэ?
-Засгийн газрын хуралдаанаар 10 том зорилт тавьсан. Ард түмний амьдралыг дээшлүүлэх мөн том депутат засгийн газрын оффиссын дарга нарын цалин хөлсийг ойрын таван жил нэмэхгүй. Харин онцгой байдал цэрэг цагдаагийн хүчний байгууллагуудыг сайжруулж цалин хөлсийг нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарна гэж ярьсан байгаа.
Казахстанд амьдардаг болон Казахстаны тэрбумтан баячуудаас жил болгон хандив цуглуулж, тэр хандиваар ард түмний төлөө бүтээн байгуулалт амрах чөлөөт цаг өнгөрүүлэх спорт цогцолборын талбай, байгууллагыг өргөжүүлнэ гэж ярьсан. Түүнээс гадна цэрэг армийг мөнгө өгч хаалгах ямар боломжгүй болж байгаа. 18 нас хүрсэн бүх залуусыг цэргийн албанд татан элсүүлэх гэж ярьсан. Саяын болсон явдал террорист халдлагатай холбоотой цэрэг арми дутуу хангалтгүй байгаа нь харагдсан учраас ийм шийдвэр гаргасан.
Энэ бослогыг шингэрүүлсэн хийн түлшний үнийн нэмэгдлээс гадна өөр зорилготой зохион байгуулалттай гэж харж байгаа юм билээ?
Ер нь энэ маш тодорхойгүй ээдрээтэй асуудал л даа. Нэг аймагт болсон газ бензиний үнийн асуудлыг газар дээр нь шийдэж өгсөн. Газыг 75 байхад 50 болгосон. Бусад бензиний үнийг ч буулгасан. Үүгээр далимдуулж босох цаг хугацаа тохироо нь бүрдээд нэг аймагт болсон асуудал бусад аймагт тарж нэгэн зэрэг хөдөлсөн нь урьдаас бэлдсэн давхар санхүүжүүлэгчтэй гэж үзэж байгаа юм билээ. Буу зэвсэг, тэсрэх бөмбөгөөр хангаж тэр хүмүүсийг өдөөн турхиралтад бэлтгэсэн байдал нь гэнэт нэг өдөр нэг цагт болж байгаагаараа сонирхол татаж байгаа.
Үймээний үеэр хэчнээн иргэд амь насаа алдсан бэ?
Цэргийн сургуулийн сурагчидтай нийлүүлээд 15,16 цэрэг цагдаа террорист халдлагад өртөж амь насаа алдсан. Энгийн иргэдээс илүүтэйгээр террорист халдлага үйлдсэн хүмүүс рүү Алматы хотод 20 мянган босогчид орж нэгэн зэрэг дайрсан учраас гал нээж арга хэмжээ авахаас өөр арга байхгүйд хүрсэн. Үүнд 100 иргэд амь насаа алдсан. Үүн дотор өдөөн турхирсан гаднын орны өөр хэлтэй, зүстэй хүмүүс ихэвчлэн толгойлж оролцож тэд нар луу гал нээхээс өөр аргагүй болсон. Тухайн үед ард иргэдийг гэрээсээ гарч болохгүй гэрэл гаргахгүй байх цонхоо хаах зэрэг зөвлөмж өгсөн. Гэвч буудалцааны үеэр санамсаргүй байдлаар гарч орсон хүмүүсээс хүүхдээ дагуулаад явж байсан нэг эмэгтэй дөрвөн настай хүүхэд нь тэнсэн суманд өртөж амь насаа алдсан. Бас хоёр 14 настай хүүхэд салют харах гэж гараад суманд өртөж амь насаа алдсан.
Үймээний үеийг далимдуулж өөр хэрэг гарсан уу?
-Халдлагын үеэр жагсаал цуглааныг далимдуулж дээрэмчид тонуулчид гудамны хулгианууд татваргүй барааны дэлгүүр, том супермаркет, электрон барааны дэлгүүр, алт мөнгөний газар, банкийг эвдэж сүйтгэж дээрэмдэж замдаа дайралдсан жижиг дэлгүүрийн худалдагч нарыг гадаа нүцгэн хөөж гаргаад нэг эмэгтэйг буудсан.
Сүүлийн үед маш олон хүмүүсийг баривчилж байгаа гэсэн. Одоогоор хэчнээн хүмүүсийг баривчлаад байгаа вэ?
Эндхийн засгийн газраас дотроосоо гаднын алан хядагчдын гар хөл болсон байж болзошгүй тэднийг өдөөн турхирахад бэлтгэж мөнгө санхүүгээр тэтгэсэн байх магадлалтай гэж үзэж байгаа. Нэг жил биш нэлээн хэдэн жилийн шалгалт шүүлэг явагдах юм билээ. Бараг 20 сая хүн амтай учраас халдлагад оролцсон хүмүүс сахал үсээ хусах байдлаар энгийн иргэдийн дунд орсон байгаа учраас алан хядлагад оролцсон хүмүүсийг танихад хүндрэлтэй байгаа. Бүх том газруудын камерыг эвдэж сүйтгэсэн учраас бослогод оролцсон гол хүмүүсийг тодорхойлоход амаргүй байгаа. Жишээлбэл дугааргүй машинтай орж ирэх гэх мэт. Энэ бослогод зөвхөн Алматы хотод гэхэд 20 мянга гаруй хүн оролцсон. Одоогоор 10 мянга орчим хүнийг баривчлаад байна. Баривчилгааны үеэр цагдаагийн гав хаалт хүрэлцэхгүй учраас гар хөлийг нь скочоор скочдож арга хэмжээ авсан байдаг юм билээ.
Казахстан улсын эдийн засаг бослогоос өмнө ямар байсан бэ? Одоо ямар төвшинтэй байна вэ? Маш олон барилга байгууламж сүйдсэн шүү дээ?
Эдийн засгийн хувьд Казахстан улс бүх юмаа өөрсдөө үйлдвэрлэдэг. Газ, нефть, ураны том үйлдвэртэй. Машин, галт тэргээ үйлдвэрлэдэг. Үр тариагаараа дэлхийд есд ордог. Үр тариа экспортолдог. Жилд хоёр удаа ургацаа авдаг. Хоол ундны тал дээр ямар нэгэн хомсдол үүсээгүй. Таван жилийн өмнө талх 700 төгрөг байсан одоо ч 700 төгрөгийн үнэтэй хэвээрээ л байгаа. Ард иргэд нь бага хэмжээний үнэ нэмэгдсэн ч дургүйцдэг. Заавал байж болох доод хэмжээнд нь байлгадаг. Маш олон банк нь зээл тусламжийг харамгүй өгч байна. Эхнээсээ машин хандивлаж байна. Ард иргэдээс 500 сая тенге гэхээр гурав дөрвөн тэрбумыг хоёр хоногийн дотор цуглараад байна. Барилгын компаниуд бүх хүчээ дайчилж халдлагын үеэр сүйрсэн барилгын засварын ажилд тусална гэдгээ хэлсэн. Талх хүнсний үйлдвэр хоёр хоног ажиллаагүй. Сайн дурын хүмүүс Алматы хотын иргэддээ хүнсний багц бэлэглэсэн. Казахстан улсын нийт хохирлын хэмжээ 106 тэрбум төгрөгт хүрээд байна. Энэ нь эдийн засагт тийм онц чухал хохирол биш. Том банкууд хэд хэдэн саяар мөнгө гаргаж хохирлыг барагдуулж байна. Нурсан шатсан объектуудад эхнээсээ засвар үйлчилгээний ажил эхэлчихсэн явагдаж байна. Энэ цаг үед ард иргэд илүү хамтарч нэгдэх үйл явц эрчимтэй байна. Эв нэгдэл гэдэг юунаас ч илүү чухал болохыг Казахстаны ард иргэд ойлгож байна.
Тусгаар тогтнолоо зарлаад дөнгөж 30 жил болж буй тус улс нь богино хугацаанд хөгжиж буйгаараа олон улсын анхаарлыг татдаг. Тодруулбал, Казахстаны ДНБ нь өнгөрсөн хугацаанд 17 дахин нэмэгдсэн ба иргэдийн орлого 10 дахин нэмэгдсэн байна. Үүний ачаар иргэдийн дундаж наслалт 71 болж нэмэгдсэн юм.
Казахстан улс Евразийн эдийн засгийн холбоотой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх амбицтай. Тухайлбал, өнгөрсөн 2021 оны эхний есөн сард холбооны орнуудтай хийсэн худалдаа 32.5 хувиар нэмэгдэж, 52 тэрбум ам.долларт хүрсэн.
Гурав хоногийн өмнө болсон Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллага (ХАБГБ)-ын гишүүн орнуудын удирдагчдын виртуал уулзалтын үеэр Казахстаны ерөнхийлөгч Токаев терроризмийн эсрэг өргөн хүрээнд явуулж буй ажиллагаа удахгүй дуусахыг бусад гишүүн орнуудын удирдагчдад мэдэгджээ. Уг ажиллагаанд ХАБГБ-ын илгээсэн 2,030 цэрэг, 250 машин техник бас оролцсон байна. Өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлын үеэр амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх гашуудлын өдрийг мөн Казахстанд зарласан. Эрх баригчид нийт 164 хүн алагдсаныг Ням гарагт албан ёсоор мэдээлсэн юм.