Монгол, Хятад хоёр улсын дундын бүс дэх "0" цэгээс Замын-Үүд дэх "Бүс нутгийн ложистикийн төв"-д ирэх чингэлэгтэй ачааг хүлээн авах, ачиж явуулах бэлтгэл ажлыг "Улаанбаатар төмөр зам" ХНН хангаж бэлэн болгоод байна. Эрээн өртөөнд саатсан импортын чингэлгүүдийг шуурхай татан авах үүргийг Шадар сайд С.Амарсайхан өгсөн. Тэг цэг дээрх чингэлгийг гурав дахь хоног дээрээ амжилттай татаж байгаа аж.
Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг Замын-Үүд боомтод ажиллаж, цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг хэвийн явуулах, экспорт, импортын ачаа тээврийг эрчимжүүлэхээр тодорхой зохион байгуулалтуудыг газар дээр нь хийсэн.
Нэгдүгээр сарын 11-нээс хилийн боомтын үйл ажиллагаа жигдэрч, 49 чингэлэг бүхий 1000 гаруй тонн ачаа барааг Эрээний боомтоос татан авсан бөгөөд хүнс болон бусад бараа, бүтээгдэхүүн зэрэг бүх төрлийн ачаа байгаа юм. Харин энэ сарын 12-ны өдөр 60 чингэлэг бараа татан авсан байна.
Өчигдрийн тухайд хилийн тэг цэгээс нийт 132 чингэлэг татан авчээ. Эдгээр чингэлгүүдэд төрөл бүрийн түүвэр ачаанаас гадна эмнэлгийн хэрэгсэл, өргөн хэрэглээний ачаа бараа байгаа аж. Ингэснээр нийт 241 чингэлгийн татан авалт хийгээд байна.
Хятадын хилийн Эрээн боомтод гурван сар орчим саатсан ачаа тээврийг яаралтай хил нэвтрүүлэх арга хэмжээний хүрээнд халдвар хамгааллын дэглэм сахиулах үүднээс хоёр улсын хилийн голд тэг цэг байгуулан, чингэлэг тээврээр ачаа барааг нэвтрүүлэх горимд шилжүүлж, тээврийн хэрэгслийн жолооч нарыг хилийн цэрэг, онцгой байдлын байгууллагаас дайчилж, нэгдсэн зохион байгуулалтад оруулан ажиллаж байгаа.