My voice шоуны хоёрдугаар шатанд “Миний хайрыг хүлээ” дууг тэс өөр дуу мэтээр найруулж, мэдрэмж хийгээд хоолойны ур чадвараараа гайхагдсан залуу уран бүтээлч Б.Бямбасүрэнг бид онцоллоо. Өнгөрсөн хавар КУДС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн тэрбээр ирээдүйд энэхүү мэргэжлийнхээ хажуугаар дуучин болж, хойч үедээ үлдэх сайхан дуу хийхийг хүсдэг тухайгаа ярив.
Тэрбээр, "Миний хувьд нэгдүгээр шатандаа 2015 оны оролцогч н.Билгүүний хувилбараар дуугаа дуулсан. Ингэхэд хүмүүс яг байгаагаар нь дууллаа гээд сэтгэгдлүүд бичсэн байсныг уншсан.
Сүүлийн үед trap, R&B урсгал давамгайлж байгаа шүү дээ. Тэгээд beat хийдэг найзтайгаа ярилцаж, тухайн дууныхаа эхний хэсгийг уянгалж байгаад, үргэлжлэлийг нь өөрөөр дуулж үзье гэж шийдсэн. Нэг ёсондоо найзтайгаа ярьж сууж байгаад найруулгыг нь гаргасан гэсэн үг.
Ингээд хоёрдугаар шатны үзүүлбэр сошиалаар давгүй хандалттай байсан. Миний хувийн сошиал хандалт ч ихэссэн. Найзын хүсэлт, чат гээд л их ирж байгаа.
Би ая хийж, үг зохиогоод өөрөө дуу хийдэг. Яг тэр үеийн сэтгэл хөдлөлөөрөө шууд л хийчихдэг. Аманд аялагдаж буй аяыг гитар дээрээ оруулж үзээд л зохиочихдог гэсэн үг. Ингэхдээ ямар нэг жанрт баригдаад байдаггүй. Шоу дууссаны дараа дуунуудаа цацах төлөвлөгөөтэй байгаа.
Дуу хийх нь миний мэдрэмжүүдийг л хөгөлж өгдөг. Дотоод мэдрэмж маань маш гоё тайван. Гэртээ дуу хийгээд, түүнийгээ дуулж байхдаа маш гоё тайвшрал, мэдрэмж авдаг. Зарим дуугаа хийж байхад миний өөрийн шар үс босоод байдаг юм. Энэ мэдрэмжийг л хүмүүст өгөх хэрэгтэй юм байна даа гэж боддог. Хойч үедээ үлдээх сайхан уран бүтээлтэй болохыг маш их хүсдэг.
Өрөг.мн-ийг үзэж байгаа үзэгчид, намайг дэмжиж байгаа хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлье. Цаашдаа намайг дэмжээрэй. Илүү их зүйлийг хийх болно” гэлээ.