Хятадын засгийн газраас Covid-19-ийг тэглэх бодлогын хүрээнд халдвар гарсан хотуудад хатуу хөл хорио тогтоож, хариу арга хэмжээг шуурхай авч байгаа. Тэгвэл тус улсад Ван нэрээр өөрийгөө танилцуулсан нэг бүсгүй сохор болзоогоор уулзсан эртэйгээ нэг байранд тусгаарлагдаад олон хонож байгаагаа саяхан Хятадын Вэйбо сүлжээнд мэдээлжээ.
Тэрбээр саяхан Гуанжоу хотоос Зэнжоу хотод ирээд ийнхүү айлын гэрт тусгаарлагдсан байна.
“Миний нас явж байгаа болохоор эцэг эх маань намайг хүнтэй танилцуулах 10 гаруй сохор болзоо зохион байгуулсан. Би тав дахь болзооныхоо үеэр гэрт нь уригдаж ирээд тусгаарлагдчихлаа” гэжээ.
Ван шинэ танилынхаа гэрт хамт амьдраад дөрөв хонож байгаагаа Ням гарагт бичжээ. Гэрийн эзэн бага ярьдаг тухай, түүнд өдөр бүр төрөл бүрийн хоол хийж өгч байгааг бас бичсэн байна.
12.6 сая оршин суугчтай Зэнжоу хотод илэрсэн халдварын тархалт намдах болоогүй нь сүүлийн тоо баримтаас харагдаж байгаа юм. Сүүлийн долоо хоногийн хугацаанд тус хотод 100 гаруй тохиолдол бүртгэгдсэнийг Хятадын төв хэвлэл мэдээлжээ.
Хүмүүс гэнэтийн хөл хорио, тусгаарлалтад Ван шиг нөхцөл байдалд орох явдал түгээмэл гарч байна.
Тухайлбал өнгөрсөн сард Сиань хотод нэг эрэгтэй гэрээ нүүлгэж байгаад тусгаарлагджээ.
Эх сурвалж: BBC