78 дугаар сургуулийн дунд ангийн сурагч С багшдаа зодуулж биеийн байдал хүнд байгаа гэх асуудлын мөрөөр бид тухайн сурагчийн ээж н.Туяатай уулзлаа. 11 дүгээр сарын 16-нд болсон гэх энэ үйл явдлаас хойш хоёр сарын хугацаанд тухайн сургуулийн захиргаанаас ямар арга хэмжээ авсан талаар болон хүүхдийн биеийн байдлыг тодруулсан юм.
Тэрбээр, “Ангийнх нь багш утсаар л уучлалт гуйсан. Тэр өдөр хоёрдугаар цаг дээр ангийнх нь багш орж ирсэн байгаа юм. Дараа нь Монгол бичгийн багш н.Бүжинлхам орж ирж л дээ. Ингээд нийт хүүхдээс Монгол бичгийн талаар асуухад хүүхдүүд, мэдэхгүй гэсэн. Тэгэхэд нь ангийн багш нь хүүхдүүдийн толгой руу цохиж зодсон. Манай хүүхлийг дэвтэр номоор нь баахан ороолгоод, нурууруу нь 5-6 удаа хүчтэй цохисон гэж байгаа юм. Миний хүүхэд энэ жил дөнгөж 11 настай. Багшдаа зодуулж явж байгаад машинд дайруулаад үхчихвэл яах уу? Би хоёрхон хүүтэй шүү дээ.
Миний хүүг ганц энэ удаа биш урд нь зодож байсан юм билээ. Хүүхэд болохоор хэлэхгүй яваад байсан байх. Эд нар чинь ангидаа гүйж харайна шүү дээ. Тэгээд зодсон л гэсэн. Би хүүхдээ зодуулчхаад зүгээр баймааргүй байна. Ямар ч хүмүүс хүүхдийнхээ араас хяналт тавьж баймаар юм байна. Дан ялангуяа эрэгтэй хүүхдийг гайгүй биз гээд л бодоод байгаа юм. Гэтэл цаагуураа зодуулаад байна. Ийм зүйл байж болохгүй. Миний хувьд ажил төрөл гээд цаг гарахгүй байгаа учраас эмнэлгээр явж чадахгүй байна” гэлээ.
Харин сурагч С-ээс биеийн байдлыг асуухад, “Нуруу толгой өвдөөд л. 10 гаруй хоног хэвтэж байна. Хэцүү л байна. Багш өмнө нь босож явсан, үймүүлсэн гээд зодож байсан. Муухай ааштай, багшаасаа айдаг” гэв.
Бид мэдээллийг тэнцвэртэй байлгах үүднээс 78 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Ц.Зулзаяагаас тодруулга авлаа.
Тэрбээр, “Би ээжийнх нь мэдээллийн дагуу анги удирдсан багшийг нь дуудаж уулзахад , даалгавар хийгээгүй хүүхдийг номоор цохисон нь үнэн гэсэн. Ямар ч багш, эцэг эх хүүхдийг бие мах бодийн хүчирхийлэлд оруулах, гар хүрэх, доромжлох ёсгүй шүү дээ.
Улмаар сурагчийн ээжтэй, “Эмнэлгээр үзүүлсэн онош, эмчийн магадалгаагаа авч ирээд уулзаач ээ. Сурагчийн бие ямар байна” гэж ярьсан. Тухайн ээж огт ирж уулзаагүй. “Танай сургуулийн багш удирдлагатай би харьцахгүй. Явдаг газраар нь явна” гээд манай багшийг цагдаад мэдэгдчихсэн байсан. Цагдаагаар яваад шүүхийн магадалгаа гарахад хүүхэд ямар нэг бэртэлгүй байсан. Гэхдээ хүүхдийн эрхийг зөрчсөн учраас зөрчлийн хуулийн дагуу анги удирдсан багшийг 300 мянган төгрөгөөр торгосон байгаа. Тиймээс тухайн хүүхдийг хэвтэрт ортол нь зодсон юм байхгүй. Хүүхдийн эрхийг зөрчсөн гэж байгаа тухайн багшид манай сургуулийн зүгээс, сурагч болон түүний ар гэрээс уучлал гуйх үүргийг өгсөн байгаа” гэсэн юм.