Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны 29 жилийн ой тохиож буйг холбоглдуулан 7 дугаар их хурал хийлээ. Энэ хуралд өнгөрсөн 4 жилийн хугацаанд хийсэн ажил болон ирээдүйд юу хийх зорилгын талаар хэлэлцсэн юм. Мөн улсын эмнэлгүүдтэй хэрхэн хамтарч ажиллах тухай хуралдав.
Бид хурлын үеэр "Интермед" болон "Сонгдо" эмнэлгийн төлөөлөгчдөөс өндөр өртөгтэй оношилгоо шинжилгээг ЭМД-аар хийлгэх боломжтой эсэхийг тодрууллаа. Өрөг.мн сайт өнгөрсөн намар хувийн эмнэлгүүдэд өндөр өртөгтэй оношилгоо шинжилгээг даатгалаар хийнэ гэсэн агуулга бүхий мэдээллийг хүргэхэд иргэдийн зүгээс энэхүү үйлчилгээг авч чадахгүй байна гэх гомдол саналыг хэлсэн юм.
“Сонгдо” эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирал Ш.Зоригоо долоо дугаар их хурлын талаар болон ЭМДЕГ-тай хийсэн гэрээний тухай мэдээлэл өглөө.
“Би Эрүүл мэндийн салбарын нэвтрүүлсэн шинэ арга техник технологи, инноваци гэсэн илтгэл тавих гэсэн юм. Үүнийг судлаад үзэхэд үнэхээр мөнгөөр хэмжишгүй зүйлийг 29 жилийн хугацаанд хийсэн байна. Үүнд тоног төхөөрөмж, эм эмнэлгийн хэрэгслүүд , хүний нөөц, хүний нөөцийн сургалтууд, шинэ арга технологийг Монгол улсад нутагшуулах зэрэг ажлууд байна. Онцлоод хэлбэл, зүрх, нуруу, нүд, чих хамар хоолой, бөөрний өвчлөлүүд, хавдрын мэс засал гээд бидний ороогүй салбар алга. Энэ салбарт ихээхэн хувь нэмрийг өөрсдийнхөө хөрөнгө оруулалтаар, улсаас дэмжлэг нэхэлгүйгээр бүтээн байгуулж чадаж байгаа хамт олон гэсэн үг. 2016 оноос хойш эрүүл мэндийн даатгал боловсронгуй болж, хувийн эмнэлгүүдэд даатгал олгогддог болсноос хойш энэ хөгжил улам түргэн явж байгаа гэсэн үг.
Сонгдо эмнэлгийн хувьд өндөр өртөгтэй оношилгоо шинжилгээг эрүүл мэндийн даатгалаар хийх гэрээ байгуулсан. MRI шинжилгээг үйлчлүүлэгч төлбөрөө төлж хийлгэнэ гэх мэдээлэл авсан бол энэ буруу мэдээлэл байна. Гэрээ хийгдээд нөхцөл нь бүрдэх үйл ажиллагааны асуудал байсан. Үе шаттай явж байсан шүү дээ. Түүнээс хойш даатгалаар үйлчилж байгаа. Гэхдээ мэдээж жигдрэх болоогүй байгаа шүү дээ” гэв.
Харин “Интермед” эмнэлгийн ерөнхийлөгч Т.Болормаа, “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулахдаа зарим нэг тусламж үйлчилгээг гэрээлсэн байгаа. Үүнд өндөр өртөгтэй үйлчилгээний багц орсон. Их урт жагсаалт байдаг. Манай эмнэлэг дээр үзүүлж байгаа нарийн мэргэжлийн, өндөр эрсдэл, өртөгтэй олон үйлчилгээг хамруулсан байгаа. MRI шинжилгээний хувьд эрүүл мэндийн даатгалаар санхүүжүүлж үйлчилж байгаа гэж ойлгож байна. Мэдээж бүх төрлийн үйлчилгээг үзүүлэхгүй байгаа. Манайд хомс байгаа эмчилгээний чиглэлээр түлхүү жагсаалтууд тохирсон гэсэн үг. MRI шинжилгээ дотроо олон ангилалтай шүү дээ. Тэгэхээр зарим нь хамрагдаад зарим нь хамрагдаагүй байж магадгүй. Иргэд MRI гэхээр бүх шинжилгээ нь гээд ойлгочихдог. Түүнийг сайн ойлгох хэрэгтэй” гэсэн юм.