Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Шинэ сэргэлтийн хүрээнд батлах хэд хэдэн хууль тогтоомжуудын жагсаалтыг сая УИХ-ын тогтоолоор баталсныг та бүхэн мэдэж байгаа. Энэ хүрээнд бид өнөөдөр зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. 2022 оны хоёрдугаар сарын 1-нээс 2024 оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэл буюу эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилгоор гурван жилийн хугацаатай үйлчилэхээр болсон. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд жил бүр төлөвлөгөөт хяналт шалгалтыг зохион байгуулдаг. Энэ нь ААН-д хүндрэл чирэгдэл учруулдаг.
Тодруулбал, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Гааль, татварын шалгалт, Эрүүл мэндийн үйлчилгээний болон нийгмийн даатгал, хүүхэд хамгааллын чиглэлээрх шалгалт зогсохгүй. Харин эдгээрээс бусад буюу ААН, байгууллагын үйл ажиллагаа, бизнес эрхлэхтэй холбоотой төлөвлөгөөт хяналт шалгалтууд дээрх хууль батлагдсанаар зогсоно. Гэхдээ иргэдийн гомдол саналд үндэслэсэн шалгалтууд хийгдсээр байх болно" гэв.