Төрөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд Нийгмийн халамжийн сангаас олгодог 188 мянган төгрөгт 2020 оны тавдугаар сараас эхлэн цар тахлын хуулиар 100 мянган төгрөгийн дэмжлэгийг нэмж олгодог болсон. Гэвч өнгөрсөн онд Төсвийн тухай хууль батлахдаа 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэлт 100 мянган төгрөгийг олгохоо зогсоосон.
Иймд "Эрхэм нандин сувд" ТББ-аас өнөөдөр төрийн гурван өндөрлөгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгож байгаа нийгмийн халамжийн тэтгэмж болон хүүхдээ асарч байгаа эцэг эхэд олгодог тэтгэмжийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүргэх шаардлагыг хүргүүлэн мэдээлэл хийлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн төлөөлөл “Бид хүнд хэлбэрийн бэрхшээлтэй тархины саа саажилттай, тархины эмгэг өвчтэй хүүхдүүдийн эцэг эхчүүд байгаа. Маш олон эрхийн асуудлыг бид энд хөндөж тавьж байгаа. Өнөөдөр бидний гол зорилго бол нийгмийн халамжийн үйлчилгээний тэтгэмж хангалтгүй байна гэдэг асуудлыг ярьж байна. Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн авч байгаа тэтгэмж 188 мянган төгрөгөөр хүнд хэлбэрийн бэрхшээлтэй байнгын гуурсаар хооллодог ийм хүүхдүүд амьдрах уу гэдгийг асууя. Энд хүүхдийн эрх ноцтой зөрчигдөж байна. 188 мянган төгрөг хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдэд эм, тариандаа ч хүрэхгүй байгаа асуудлыг та нар яагаад ойлгохгүй байгаа юм бэ. Юу гэж байгаа юм, биднийг хүний тооноос хасаж байгаа юм бол түүнийгээ илэрхийл. УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт шаардах бичгээ бид бичсэн явж байна. Хүүхдүүд маань эрүүл аюулгүй орчинд нийгэмших, хүн гэж энэ хорвоо дээр мэндэлсэн юм бол тэр эрхээ хүлээн зөвшөөрүүлэх ёстой. 123 мянган төгрөг бол эцэг эхийн асаргаанд өгч байгаа мөнгө. Тэр бол тэр гэрийн орлогын мөнгө. 188 мянган төгрөг бол хүүхдийн өнөөдрийн тэтгэмжийн мөнгө.
Нэгдүгээрт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгож буй нийгмийн халамжийн тэтгэмжийн хэмжээг амьжиргааны доод түвшинд хүргэх, цаашлаад хүүхдийн хэрэгцээнд уялдуулан нэмэх. Одоогоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгож байгаа 188 мянган төгрөг нь тухайн хүүхдийн наад захын хэрэгцээг ч хангаж чадахгүй байна. Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нэг сарын дундаж хэрэглээ нь нэг сая 485 мянган төгрөг зарцуулахаар байна гэж бид тооцоо гаргасан. Улсаас олгож буй тэтгэмж нь бодит амьдрал дээр хүүхдийн хэрэгцээнд зайлшгүй зохицуулах шаардлагатай байгаа хэрэглээнийхээ 12.6 хувьтай тэнцэж байна. Иймд нийгмийн халамжийн тэтгэмжийг амьжиргааны доод түвшинд хүргэх. Цаашлаад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хэрэгцээнд хангахуйц хэмжээнд хүргэх шаардлагатай байна. Хоёрдугаарт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд олгож байгаа асаргааны тэтгэмжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөгөөр цалинжуулахыг бид шаардаж байна. Та бүхэн бидний амьдралд нэн тулгамдаж байгаа дээрх шаардлагуудыг үл хүндэтгэн ахиц дэвшил гаргаж өөрчлөлт оруулахгүй бол хөгжлийн бэрхшээлтэй эцэг эх бид хүүхдүүдтэйгээ тэмцлийн хурц хэлбэрт шилжиж өлсгөлөн зарлахад бэлэн байна.