БНСУ-ын олон ангит кинонуудыг театр болон орон нутгийн стрийминг платформоор цацахыг Хятадын эрх баригчид зөвшөөрчээ. Өмнөд Солонгосын драм, бүрэн хэмжээний кинонуудыг гаргахыг Хятадын эрх баригчид 6 жилийн өмнө хориглосон юм.
Мун Хигийн тоглосон "Oh! My Gran" (2020) инээдмийн кино 12-р сард Хятадын кино театруудаар гарч эхэлсэн нь 2015 онд "Аллага" тулаант киноноос хойш Хятадад нээлтээ хийсэн анхны Солонгос кино боллоо.
Соёлын хориг тавигдсаныг илтгэн өнгөрсөн долоо хоногт төрийн өмчит Hunan Broadcasting System-ийн онлайн видео платформ Mango TV Солонгосын 2017 оны уран зөгнөлт цуврал "Saimdang: Memoir of Colors"-ийг гаргаж эхэлжээ.
"Saimdang: Memoir of Colors" 2016 онд зураг авалт нь дуусч, 2017 онд Солонгостоо цацагдсан. Улмаар гадны бусад орны телевиз, платформууд худалдан авч цацаж эхэлсэн юм. Энэ үед THAAD гэгддэг АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах системийг байрлуулах Сөүлийн шийдвэрийг эсэргүүцэн Бээжин Солонгосын контентыг хориглосны улмаас Хятадад гаргах эрх нь тодорхойгүй хугацаагаар хойшилсон аж.
Өмнөд Солонгосын контентууд болох олон ангит кино-драм, шоу нэвтрүүлэг, кинонууд Хятадын телевизийн сүлжээ, албан ёсны видео стриминг платформ, кино театрт ахиж цацагдалгүй өнөөдрийг хүрсэн юм. Үүгээр ч зогсохгүй Өмнөд Солонгосын уран бүтээлчдийг Хятадад концерт, шоу хийхийг хориглож эхэлсэн байна.
Соёлын хориг нь цуцлагдаж байгаа байдлыг хоёр улсын найрсаг харилцаа эргэн сэргэж, эерэг ахиц дэвшил гарч байгаагийн илрэл боллоо гэж БНСУ-ын Засгийн газраас сайшааж буй гэнэ.
Сөүл 2022 онд болох хоёр орны дипломат харилцаа тогтсоны 30 жилийн ойг тохиолдуулан найрсаг орчныг бүрдүүлэхийн тулд Бээжинтэй соёлын салбарын солилцоог ахиулахад хүчин чармайлт гаргасаар ирсэн. Зарим шинжээчид болон "Saimdang" киног гаргаснаар 2022 оны Бээжингийн Өвлийн Олимпын өмнө Хятад улс Солонгосын соёлыг дахин нээнэ гэсэн таамаглал бодит болох бололтой.
Сөүл дэх БНХАУ-ын Элчин сайд Син Хаймин саяхан Ёнхап мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа "Хоёр орны соёл, урлагийн бүлгүүд харилцан тоглолтоо хийж чадна гэж найдаж байна” гэж мэдэгдсэн нь байдал нааштайгаар эргэсний илэрхийлэл юм.
Хятадын эрх баригчид зугаа цэнгэл, соёлын салбарыг орон даяар “дарангуйлж” хянаж байгаа энэ үед солонгос контентын талаарх хатуу байр сууриа шууд нээлттэй болгоно гэж хэлэхэд эрт болохыг судлаачид анхааруулж байна.
Соёлын шүүмжлэгч Ха Жэ Кеун "БНХАУ-ын Солонгосын соёлыг дотооддоо хориглосон нь улс төр, дипломатын асуудлаас үүдэлтэй. Сөүл, Бээжингийн харилцаа юун түрүүнд сайжрах ёстой" гэсэн байр суурийг илэрхийлжээ.