Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг өнөөдөр Замын-Үүд боомтод ажиллаж, тодорхой арга хэмжээнүүдийг газар дээр нь хэрэгжүүлжээ.
БНХАУ-ын хилийн Эрээн боомтод гурван сарын хугацаанд саатсан ачаа тээврийн үйл ажиллагааг халдвар, хамгааллын өндөр хяналтад зохион байгуулж, чингэлэг тээврийн үйл ажиллагаа ийнхүү эхэлж байгааг Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.
Өнөөдөр дундын бүсээс импортын ачаатай 24 чингэлэг ачааг улсын хилээр нэвтрүүлж, гаалийн хяналтад оруулан, мөн 25 хоосон чингэлгийг хилээр гаргаж, дундын бүсэд байрлуулсан байна.
Цар тахлын нөхцөлд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ачаа барааг тасалдуулахгүй явуулахын тулд хоёр улсын хилийн дунд “0” цэг байгуулж, чингэлэг тээврээр ачаа барааг оруулж ирэхээр болсон юм. Улмаар чингэлэг тээврийг түр хугацаагаар зогсоогоод байсан ч Монголын талаас төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэж байгаа байгууллагын алба хаагч, жолооч нарыг тусгаарлан, халдвар хамгааллын өндөр дэглэм дор ачаа тээврийн үйл ажиллагааг ажиллуулах юм.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "Чингэлэг тээврийн ажлыг хилийн цэргийн холбогдох алба хаагчдын оролцоотойгоор гүйцэтгэж байна. Замын-Үүдэд олон мянган жолооч нар бүртгэлтэй байгаа. Олон сар ажилтай, ажилгүй, орлоготой, орлогогүй хүнд нөхцөл байгаа. Тиймээс жолооч нарынхаа оролцоог хангах, харилцан хамтарч хяналт, зохион байгуулалтаа хийх, болж өгвөл хаа хаанаа ямар нэгэн үл ойлголцол, эрсдэл үүсгэхгүйгээр тээврийн ажлыг хэвийн явуулах нь хамгийн чухал. Одоо бидэнд хамгийн чухал асуудал бол Замын-Үүдэд хэн, юу хариуцах уу гэхээс илүүтэй Хятад талаас орж ирж байгаа ачаа, бараа тээвэрлэлтийн үйл ажиллагааг жигдрүүлж хэвийн явуулах. Залгуулаад үнэ өртөгтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх талаар Хятадын талтай яриа хэлцээр хийж ажиллаж байна. Хамгийн чухал зүйл бол ариутгал халдваргүйтэл. Дээрээс нь халдвар хамгааллын дэглэмийг сахиулах юм. Тиймээс бид жолооч нараа энд урт хугацаагаар тусгаарлаж, шинжилгээ авч байна. Ямар нэг эрсдэл гаргахгүй үүднээс өндөр зохион байгуулалттай ажиллаж байна. Хэрвээ энэ үйл ажиллагаа нэгэн жигд яваад эхэлбэл бид контейнерын тоог нэмэх асуудлыг Хятадын талтай үргэлжлүүлээд ярих учраас ажлын зохион байгуулалт алдагдахгүй явах нь чухал ” гэв.
Өөрөөр хэлбэл, экспорт импортын ачаа барааг тасралтгүй явуулах, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бууруулах, тогтворжуулах зорилгоор Засгийн газраас тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байна. Цагдаа, хилийн цэрэг, онцгой байдлын ахлагч болон түүнээс ахлах цолтой мэргэжлийн жолооч нарыг зохион байгуулалтад оруулж хилийн хоёр улсын хил дундын “0” цэгээс ачаа, бараа тээвэрлэх туршилтын үйл ажиллагааг эхлүүлжээ.
БНХАУ-ын Эрээн хотын гаалийн хашаанд манайх улс руу импортлох ачаа бараа, чингэлгүүд төвлөрч байгаа. Эрээний гаалийн хашаанаас “СиноТранс” компани “0” цэг дээр авч ирэх эрхийг авсан. Тээврийн чингэлэг зөөх том оврын тавцантай, тавцан түгжигчтэй автомашинуудыг түрээслэх, тэдгээр хүмүүсийг тусгаарлан байрлуулах, “0” цэгээс Замын-Үүд дэх ложистикийн төв рүү чингэлэг бүхий ачааг зөөх шатахууны тодорхой зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон. Ложистикийн төвд буусан чингэлгийг Улаанбаатар болон бусад аймаг хот руу уртын тээврээр хүргэх аж.