Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тухайн оныхоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулж тогтоодог учраас жил бүр адил байдаггүй байна. 2021 оны хувьд сарын 4200 жилийн 50400 төгрөгийн шимтгэлийг даатгуулагчид төлж байсан. Энэ онд засгийн газрын 408 дугаар тогтоолоор энэхүү шимтгэл үргэлжилж сарын 4200, жилийн 50400 төгрөгийг даатгуулагчид төлөхөөр тогтоожээ. Мөн эрүүл мэндийн даатгалын 03 дугаар тогтоол өнгөрсөн оны гурав дугаар сараас эхлэн хэрэгжсэн. Үүнд харвалт түлэгдэлт, төрөлхийн гажгийг эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь дааж байгаа бол эрхтэн шилжүүлэх хагалгааг 75 хувь хөнгөлж байна. Мөн өндөр үнэтэй хагалгааны тодорхой хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлж байгаа аж.
Энэ талаар ЭМД-ын Ерөнхий газрын олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан Д.Онончимэг "Түлэгдэлтийн найман оношинд бүх эмчилгээ, мэс заслын, эмийн эмчилгээг даатгалын сангаас 100 хувь хариуцаж байна. Сүүлийн жилүүдэд хүүхдийн төрөлхийн гажиг элбэг байдаг болсон. Бүх төрлийн, зүрх, уруул тагнайн сэтэрхий гэх мэт гажгийг ЭМДС-аас 100 хувь хариуцаж байгаа. Мөн эрхтэн шилжүүлэх мэс заслын 75 хувийг даатгалын сангаас хариуцан ажиллаж эхэлсэн. Түүнчлэн даатгуулагч иргэн ерөнхий нэршлийн 141 худалдааны нэршлийн 504 эмийг өөрт ойр байрлаж байгаа ЭМДЕГ-тай гэрээтэй 1700 гаруй эмийн сангаас хэрэгцээтэй үедээ очоод худалдаад авах боломжтой. Өмнө нь хугацаанд баригдаж хөнгөлөлттэй жор бичүүлэх гэж дараалан зогсдог байсан бол одоо хүссэн үедээ эмчээрээ хөнгөлөлттэй жороо бичүүлээд эмийн сангуудаас авах боломжтой болсон.
Иргэд ойлгохдоо эрүүл мэндийн даатгалаар зөвхөн улсын эмнэлэгт үйлчлүүлэх боломжтой гэж ойлгодог. Энэ өөрчлөгдсөн. Тухайлбал ЭМДЕГ энэ онд 2777 эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулсан. Үүнээс төрийн өмчийн болон хувийн хэвшлийн бүх эрүүл мэндийн байгууллагууд, хувийн хэвшлийн лабораториуд манайхтай гэрээ байгуулж ажиллаж байгаа. Хэрвээ даатгуулагч тухайн эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлээд даатгалын хөнгөлөлт эдэлж чадаагүй бол манайд хандаж асуудлаа шийдүүлэх боломжтой байгаа.
ЭМДС-аас долоон төрлийн иргэдийн авсан тусламж үйлчилгээ шимтгэлийг төрөөс буюу даатгалын сангаас хариуцдаг. Эдгээр иргэдэд 0-18 насны хүүхэд, жинхэнэ цэргийн алба хаагч, ял эдэлж буй ялтан, 0-2 насны хүүхдээ асарч байгаа ээж эсвэл аав, ихэр бол 3 нас хүртэл асарч байгаа ээж эсвэл аав, мөн тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэд, нийгмийн халамж дэмждэг зайлшгүй шаардлагатай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шимтгэл болон эрүүл мэндийн байгууллагаас авсан тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хариуцах зохицуулалттай" гэв.