
Саяхан болсон үсчин гоо сайханчдын дэлхийн аваргын тэмцээнд “Neon make up”-ын төрлөөр тэргүүн байр эзэлсэн артист Ц.Ариунзаяаг энэ удаа бид онцоллоо. 75 дахь жилдээ зохиогдож буй энэхүү тэмцээний хоёр төрөлд манай артистууд тэргүүн байр эзэлжээ. Бид түүнтэй энэхүү тэмцээний энэ жилийн онцлог, уран бүтээлдээ өвөрмөц хэв маягийг хэрхэн тусгасан талаар ярилцлаа.
Тэрбээр, “Миний хувьд “Diva beauty” академийг байгуулаад найм дахь жилдээ ажиллаж байна. Хувь артистаар ес дэх жилдээ ажиллаж байгаа, харин тэмцээний хувьд гурав дахь жилдээ оролцсон. Тэмцээнд анх 2019 онд Францын Парис хотод болоход орж байсан. Энэ жилийн хувьд “neon make up” төрлөөр оролцлоо. Нүүр будалтын үндсэн таван төрлөөр энэ тэмцээн зохиогддог байсан бол энэ жил “Neon make up” гэх шинэ төрөл нэмэгдсэн гэсэн үг. Шинэ төрөлд хамгийн анхны аварга нь болж байгаа юм.
OMC Hair World тэмцээнд 50-иад орны 3000 гаруй оролцогч оролцсон. Улс орон болгоны шилдгийн шилдэг гэсэн үсчид, гоо засалчид, хумс, нүүр будалтын артист гэх мэт. 75 жил зохиогдчихсон энэхүү тэмцээний тэргүүн байрыг Орос, Украйнууд ихэвчлэн авдаг байсан юм. Хүчтэй өрсөлдөгчид гэсэн үг. Энэ жилийн хувьд Монголоос нүүр будалтын хоёр төрөлд алтан медаль, аваргын цом авсан байгаа.
Ассан, дүрэлзсэн, нeoн өнгөнүүдийг эсрэг тэсрэг байдлаар нь яаж хослуулж, зохимжтой скизийг бүтээлч байдлаар гаргах вэ гэдэг дээр ач холбогдол өгсөн. Утга санааны хувьд мэдээж будалт болгон өөрийн гэсэн өгүүлэмжтэй. Миний хийсэн нeoн будалт бол эмэгтэй хүний ихэмсэг, үзэсгэлэнтэй байдлыг ассан дүрэлзсэн өнгөөр илэрхийлэхийг хичээсэн. Хамгийн гол нь Монгол гоо үзэсгэлэнг дэлхийд таниулж, хүлээн зөвшөөрүүлж чадлаа.
Өнгөрсөн жил Монголоос нэг алтан медаль, энэ жил хоёр алтан медаль авсан. Үүнээс ахиц дэвшил харагдаж байгаа. Манайх жижиг улс орон шүү дээ. Энэ бол маш өндөр амжилт. Бид дэлхийн төвшинтэй яг л зэрэгцэж алхаж, тэргүүлж чадаж байгаа болов уу л гэж бодож байна.
Оны эхний босгон дээр аварга болж байна гэдэг нь миний цаашдын үүрэг хариуцлагыг нэмж байгаа. Тиймээс энэ жил илүү олон, чанартай, чадвартай артистуудыг бэлтгэнэ гэсэн зорилго тавьсан. Зөвхөн ганцаараа тэмцээн уралдаанд явах биш, шинэ гарч ирж байгаа залуу үетэйгээ хамтдаа тэмцээн уралдаанд оролцохыг хүсэж байна. Тиймээс хичээж ажиллах болно" гэлээ.