Өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдлаа. Уг хуулийн төсөлд эрх нь зөрчигдсөн иргэний хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах, төрөөс хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх журам, тогтолцоо, зохион байгуулалтын талаар тусгасан байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Гурван мөрдөгч нэг этгээдийг эрүүдэн шүүж, хийгээгүй 15 хэргийг нь хийсэн болгосон үйлдэлдээ өнгөрсөн долоо хоногт ял авлаа.
20 гаруй жилийн өмнө л хэрэг, ял наймаалцдаг явдал байсан. Бид эрүүдэн шүүлт байхгүй болсон, тэмцэж байгаа гээд байдаг. Гэтэл энэ асуудал одоо ч байсаар байна.
Урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа хүмүүс өмгөөлөгчийнхөө барааг харчих юмсан гэдэг асуудал их тавьдаг. Улсын өмгөөлөгч томилоод өгдөг ч өмгөөлөгч нар нь үйлчлүүлэгчтэйгээ уулздаггүй. Энэ хийдлээр хүний эрх маш их зөрчигддөг.
Мөрдөгч “Чамд улсын өмгөөлөгч байгаа. Чи хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлчихсэн” гээд цаанаа хэрэг хүлээлгэдэг, ял наймаалцдаг тогтолцоо хэвээр байна. Өнгөрсөн долоо хоногт гарсан хэргээр энэ байдал нотлогдлоо.
Хууль зүйн туслалцаа авч чадахгүй ядарсан хүмүүсийн эрхийг нь хамгаалах гэж төсвөөс мөнгө гаргаж байгаа ч бид өөрсдийгөө хуураад байгаа юм биш байгаа.
Цагдан хорих байран эрүүдэн шүүдэг, ял наймаалдаг байдал байна. Энэ асуудалд гол оролцож байгаа этгээдүүд нь мөрдөгч, гүйцэтгэх ажилтнууд. 461 дүгээр ангид камергүй нэг булан байдаг юм байна. Тэнд аваачиж байгаад рецедив гэмт хэрэгтнүүдээр зодуулдаг юм байна. Тэднээр дамжуулж хэдэн хэрэг хүлээчих гэж ярьдаг тухай сонсогдож байна.
Үүнийг таслах зогсоохын тулд юу хийх хэрэгтэй вэ.
Ер нь цагдан хорьж шалгадаг гэмт хэргийн тоог хязгаарламаар юм билээ. Малын хулгай, танхайн гэмт хэргийг хүртэл цагдан хорихоор өргөжүүлсэн. Үүнийг далимдуулж хэрэг хүлээдэг юм байна.
Харин түүний мэдэгдлийн хариуд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж: “2013 онд төлбөрийн чадваргүй яллагдагчдад хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай хуулийг баталж, 2014 оноос өнөөдрийг хүртэл хэрэгжиж байна.
Энэ хугацаанд Хууль зүйн туслалцааны төв 72 албан хаагчтайгаар нийслэлийн найман дүүрэг, 21 аймагт үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ хугацаанд нийт 62,502 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгсөн. 17,506 хэргийн 19,542 холбогдогчид өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн байна.
461-р ангид эрүүдэн шүүдэг зүйл байхгүй. Тус анги нь Хүний эрхийн үндэсний комисс, прокурорын хяналтад, мөн камерын хяналтад байдаг” гэж мэдэгдлээ.