Дональд Трампыг ардчилалд заналхийлсэн гэж үзсэндээ бухимдсан Нью-Йоркийн нэгэн эр “Гитлер”-тэй адилтгасан экс ерөнхийлөгч Доналд Трампын аминд хүрнэ гэж заналхийлсний улмаас шүүхэд дуудагджээ. Сэжигтэн этгээдэд даваа гарагт эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Томас Велницки 2020 оны долоодугаар сард Капитолын цагдаад өгсөн ярилцлагадаа тухайн үеийн ерөнхийлөгчийг хөнөөх сонирхолтой байгаагаа илэрхийлж байсан аж.
Капитолын цагдаагийн газраас ирүүлсэн гомдолд дурдсанаар Рокавей Бичийн оршин суугч 72 настай Томас Велницки 2020 оны долдугаар сард АНУ-ын Капитолын цагдаад өгсөн ярилцлагадаа, дараа жил нь Нууц албаны байр луу хэд хэдэн дуудлага хийхдээ тухайн үеийн ерөнхийлөгчийг хөнөөх сонирхолтой байгаагаа илэрхийлж байсан гэнэ.
Велницкиг Трампыг сонгуульд ялах юм бол хулгайлж, биед нь гэмтэл учруулна, амийг нь хөнөөнө гэж заналхийлсэн хэргээр буруутгаж байгаа бөгөөд "Ноён Вэлницки хэнд ч хор хөнөөл учруулах бодолгүй байсан" гэж түүний өмгөөлөгч, Бруклин дахь Холбооны хамгаалагчийн албаны төлөөлөгч Дейрдре Дорнум тайлбарласан байна.
Ерөнхийлөгч асан Трампын өмгөөлөгчид болон хэвлэлийн төлөөлөгч нар уг хэрэгтэй холбогдуулан тайлбар өгөөч гэсэн сэтгүүлчдийн хүсэлтийг хүлээж аваагүй аж.
Бруклины холбооны шүүхэд гаргасан гомдолд Трампыг "Хувь хүн-1" гэж тодорхойлсон байна. Зүүлт тайлбарт "Хувь хүн-1" нь 2017 оны 1-р сарын 20-ноос 2021 оны 1-р сарын 20 хүртэл ерөнхийлөгчөөр ажиллаж байсан гэж тодотгожээ.
Гомдлын дагуу Нууц албанд үлдээсэн нэг дуут шууданг нотлох баримт болгожээ. Уг дуут шууданд бичигдсэнээр сэжигтэн Велницки "Би Трамп болон түүний 12 сармагчинг устгахын тулд чадах бүхнээ хийх болно … хэрвээ надад үүнийг Манхэттэнд хийх боломж байсан бол энэ нь гайхалтай байх байлаа. Маргааш Трампыг Жоржиа мужид ирэхэд, магадгүй би бодож төлөвлөснөө хийнэ" гэхчилэн ярьжээ.
Сонгуулийн компанит ажил ид өрнөж байсан нэгдүгээр сарын 4-нд Трамп Жоржиа мужид хоёр дахь шатны сонгуульд Бүгд найрамдах намын хоёр сенаторыг дэмжиж, Жо Байденд ялагдсан сонгуулийн луйврын тухай үг хэлэхээр очоод байсан үеийг дээрх бичлэгт хэлсэн бололтой.
Велницки 2021 оны намар Трампыг Адольф Гитлертэй зүйрлэж, Трампын хүүхдүүдийн талаар ярих үед ч мөн заналхийллийн шинжтэй зүйлс ярьсан байна.
Нууц алба Ерөнхийлөгч Трампад "Могул" гэсэн код өгсөн бөгөөд аюулгүй байдлын үүднээс уг кодыг өгсөн нь зөвхөн Велницкигээс болоогүй аж.
Жишээлбэл, 2016 оны зургаадугаар сард Лас Вегас хотод болсон жагсаалын үеэр нэг Британи эр цагдаагийн ажилтны бууг хулгайлахыг завдсаны улмаас баривчлагджээ. Тухайн үед ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан Трампыг алах зорилготой байсан гэж гэмт хэрэгтэн цагдаад хэлсэн байна. Уг явдлаас хойш жил орчмын дараа буюу 2017 оны гуравдугаар сард Трамптай ярилцана гэж найдаж буй халдагч АНУ-ын төрийн сангаар дамжин Цагаан ордны ханыг сэтлэхийг оролдож байсан билээ.