Омикрон хувилбарын тархалт дотоодод бүртгэгдсэнтэй холбогдуулан УОК-оос мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү хатуу хөл хорио, хязгаарлалт тавихгүй гэдгийг онцлон хэллээ.
УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү:
Хөл хорио, хязгаарлалт тогтоох шийдвэр гараагүй. Эрдэмтэн, судлаачдын тооцооллоор нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 10-ны үед халдварын оргил үе таарч, өдөрт хамгийн багадаа халдварын 18000-20000 тохиолдол бүртгэгдэнэ. Омикрон хувилбар тархац хурдан тул албан байгууллагууд ажилтнуудаа цахимаар ажиллуулахыг зөвлөж байна. Халдвар байгууллага дотор тархвал хүний нөөцийн дутагдал үүсэх магадлалтай.
Цагаан сарын үеэр халдварын оргил үе таарч байна. Тиймээс улсын байгууллагуудад нэгдсэн золголт хийхгүй байх, гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэхийг мэргэжлийн байгууллагуудаас зөвлөж байна.
Вакцинжуулалтын тухайд хангалттай олон цэг ажиллаж байгаа. Манай улсад 2.8 сая тун вакцины нөөц байна. Хүүхдүүдийн вакциныг манай холбогдох байгууллагууд судалж байгаа. Дельта давалгааны үед эмнэлгийн ачаалал маш их нэмэгдсэн. Тиймээс өмнөх туршлага байгаа учир эмнэлгүүд зохион байгуулалт хийгээд явна. Гол нь вакцины бүрэн болон нэмэлт тунд хамрагдсан, өвдөөд эдгэрсний дараа вакцинд хамрагдсан хүмүүс Омикрон хувилбараар хөнгөн өвчилж байгаа судалгаа бий. Тиймээс эдгээр иргэд гэрээр эмчлэгдэх боломжтой.
ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан:
Эмнэлгийн тусламж үйлчилгээг шаардлагатай иргэдэд хүртээмжтэй байхаар төлөвлөж байна. Арваннэгдүгээр сарын 27-ноос өнөөдрийг хүртэл эрсдэлд суурилсан хариу арга хэмжээг авсан. 120 гаруй удаагийн нислэгээр ирсэн иргэдээс 600 гаруй иргэний хариу эерэг гарсан. Тусгаарлан ажиглах байранд 4000 гаруй иргэнийг тусгаарлахад 155 иргэнээс халдвар илэрсэн. Энэ хариу арга хэмжээ 4-5 хувийн эерэг илрүүлэлттэй байсан.
244 энхийг сахиулагчаас 231 нь халдвар авсан нь батлагдсан. Тэгэхээр омикрон хувилбар 90 хувь халдварыг тархааж байна. Томуу болон халдварыг ПСР шинжилгээгээр ялгаж, эцсийн оношийг гаргадаг. Өвөрмөц урвалжийг ашиглаж халдварын үүсгэгчийг оношилдог. Энгийн болон вирусийн хувилбарыг тодорхойлох ПСР 24 цагийн дотор хариу нь гардаг. Үүний дараа NGS буюу бүрэн генийг тогтоож баталгаажуулдаг.
Нэгдүгээр сарын 6-нд бүрэн геномын шинжилгээг хийж зөөвөрлөгдсөн 12 тохиолдол илэрснийг зарласан. Нэгдүгээр сарын 9-нд дотоодод омикроны 5 тохиолдол илэрснийг зарласан. Вирусийн ямар хувилбар болохыг тогтоох шинжилгээний нэг хүнд ногдох өртөг нэг сая гаруй төгрөг байна. Тиймээс бид дүүрэг, орон нутаг, эмнэлгүүдээс ирсэн эерэг сорьцод энэ шинжилгээг түүвэрлэж, цөөн тоогоор хийдэг