Воллейболын залуу тамирчин Э.Санчир Солонгосын дэд лигт тоглох болжээ. Өдгөө 18 настай тэрбээр Synergy клубт воллейболоор хичээллээд хоёр жил болсон байна. Түүнтэй бид энэхүү спортын төрлөөр хичээллээд бий болсон давуу тал хийгээд ирээдүйн зорилго, хүсэл мөрөөдлийнх нь тухай ярьсан юм.
Тэрбээр, “Анх би ямар ч мөрөөдөлгүй зорилгогүй тийм л нэг даруухан хүүхэд байсан. Волейболын спортоор хичээллээд хоёр жил болж байна. Эхний нэг жил зүгээр л тоглох сонирхлоор явж байсан. Харин тоглож байх явцдаа баг хамт олонтой болж, маш их найзтай болсон. Ингээд л энэ спорт миний ирээдүйг хөгжүүлж чадах зүйл юм байна гэдгийг ойлгосон. Улмаар Солонгосын лигт орох гэсэн том зорилго тавиад улам хичээх болсон доо.
Мэдээж солонгосын лигт ороод, тэнд тоглохдоо, алдаж бас онож үзнэ. Маш олон зүйл сурах байх. Үүний дараа Монголдоо ирээд сурч мэдсэн зүйлсээ түгээнэ гэж боддог. Энэ нь миний монголын волейболын спортын хөгжилд хувь нэмрээ оруулах багахан ч гэсэн боломж.
Волейбол сурч байгаа хүн бүр л мэдэх байх. Яг тоглолтын явцад хүн уурлана, муухай аашилна, уйлна. Хүний олон дотоод мэдрэмжүүд гарч байдаг. Энэ бүхнийг давж чадсанаар миний хувьд тэвчээртэй болсон гэж бодож байна. Бас юмыг хийхийн өмнө нэг хоёр секунд ч болов бодож үздэг болчихсон. Энэ мэтчилэн их зүйлийг воллейбол надад өгсөн.
Солонгосын лигт тоглох нь миний хувьд, мөрөөдөлдөө хүрэх хамгийн анхны алхам. Тэгээд цаашдаа Солонгост очсоны дараа, дотроо бодож байсан зорилгоо алхам алхмаар биелүүлээд, илүү том мөрөөдөл, зорилгод хүрэхийн тулд илүү их хичээх болно” гэж ярилаа.
Харин бид Synergy клубийн багш, дасгалжуулагч Х.Хуягбаатараас залуу тамирчин Э.Санчирын тухай, воллейбол хүний төлөвшилд хэрхэн нөлөөлдөг талаар ярилцсан юм. Тэрбээр энэ талаар ярихдаа,
“Юуны өмнө манай клуб албан ёсоор үйл ажиллагаагаа явуулаад есөн сар болж байгаа. Монголын волейболын тамирчид гадагшаа легонороор ч юм уу хамтарсан бэлтгэлээр их явдаг. Энэ нь эргээд монголдоо ирээд шинэ уур амьсгал бүрдүүлэх, шинэлэг зүйлийг нэвтрүүлэх гэсэн нэг зорилго болж байгаа юм. Манай солонгос явах гэж байгаа тамирчны хувьд над дээр албан ёсоор ирээд жил хагасаас хоёр жил болж байгаа. Дээшээ том тэмцээн, том лиг рүү ороход тамирчид төлөвшсөн байх хэрэгтэй. Үүнийг нэгдүгээрт тавьж дасгалжуулсан. Волейбол бол мэдээж багийн спорт. Багийн спорт учраас тамирчдад яаж нөлөөлөх вэ гэхээр, дан ганц өөрийгөө болгох биш, бусдыгаа бодох, цаашлаад гэр бүлийнхээ хамт амьдарч байгаа хүмүүсийг бодож эхэлдэг болно. Тэгээд хүний өмнөөс хариуцлага хүлээж сурна. Волейболын спорт, багийн спорт гэдэг нь ялангуяа өсвөр насны хүүхдүүдэд маш хэрэгтэй. Манай Synergy клубийн цаашдын зорилго гэвэл яг энэ багаараа, гурваас дөрвөн жилийн дараа гэхэд дээд лиг рүү орно гэсэн зорилго тавьсан байгаа” гэв.