Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр коронавирусийн эсрэг вакцины дөрөв дэх тунгийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өнөөдрийн байдлаар коронавирусийн эсрэг вакцины дөрөв дэх тунд 2,500 гаруй иргэн хамрагдаад байна. Харин гуравдугаар тунг 930,000 гаруй иргэн хийлгэжээ.
Омикрон хувилбарт халдварын давлагаанд вакцины бүүстер тун үр дүнтэй байх нь дотоод болон гадаадын судалгаануудаар нотлогдсон.
Тухайлбал, Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсад Омикроны давлагаа хүндрэл, нас баралт багатай явагдсан. Үүний үндсэн шалтгаан нь вакцин хийлгэсний дараа эсрэг төрөгчийн хэмжээ эрчимтэй нөлөөлсөн гэдэг нь олон судалгаагаар нотлогдсон.
Дельта хувилбартай харьцуулахад Омикрон хувилбарын эсэд нэвтрэх чадвар эрс нэмэгдсэн. Хүний эсийг байшинтай зүйрлэвэл Омикрон хувилбар эс рүү нэвтрэх чадвар онгорхой хаалгаар нь орж байгаа мэт маш хялбар нэвтэрч байгаа. Омикрон хувилбарын нөлөөгөөр вакцины хамгаалах чадвар буурах байх гэж эмээж байсан. Хэдийгээр тус хувилбарын эс рүү нэвтрэх чадвар илүү ч вакцины бүүстер буюу гурав болон дөрөвдүгээр тунгийн нөлөөгөөр дархлааны эсүүд олширсон учраас богино хугацаанд таньж, халдварлагдсан эсийг устгаж байгаагийн зэрэгцээ, эсрэг төрөгчийн хэмжээ эрс нэмэгдэж байгаа.
Ийм шалтгаанаар Израил улс дөрөв дэх тунгийн вакцин хийх шийдвэрийг гурав дахь тунг хийснээс гурван сарын дараа хийлгэх шийдвэр гаргасан. Манай улс ч мөн гадаад болон дотоодын судалгаанд үндэслэж, гурав дахь тунг хийлгэснээс гурван сарын дараа дөрөв дэх тунг хийлгэх боломжтой гэсэн зөвлөмж гаргасан.
Омикрон хувилбарын давлагааны үед гэр бүлийн нэг гишүүн өвдсөн тохиолдолд бусад нь 100 хувь өвдөх эрсдэл бий. Тухайлбал, Япон улсад гэр бүлийн нэг гишүүн нь эерэг гарсан тохиолдолд бусад нь шинжилгээ өгөх шаардлагагүй гэсэн зөвлөмжийг гаргаж байгаа. Учир нь халдвар маш их өссөн учраас нууц хугацаанд нь буюу халдвар авснаас хойш 24-48 цагийн дотор л гэр бүлийн бусад гишүүд нь халдвар авсан байх магадлалтай. Тиймээс гэр бүлээр нь тусгаарлана. Шинж тэмдгийн эмчилгээгээ хийнэ. Халуурвал халуун буулгах эм хэрэглэнэ, ханиалгавал ханиалгын эсрэг эмээ ууна, халуун хоолоо идээд гэртээ томуугийн эмчилгээ хийнэ гэсэн үг. Учир нь Омикрон хувилбар нь эсэд нэвтрэх чадвар сайн ч амьсгалын дээд замын салстууд руу илүү нэвтэрч уушгины эс рүү нэвтрэх чадамж нь буурсан байгаа юм. Тиймээс үүнтэй холбоотойгоор Омикрон хувилбарын үед хатгаа болохгүй байгаа.
Иргэд Дельта халдварын үед иргэд маш богино хугацаанд шинж тэмдэггүй хэлбэрийн хатгаа болж байсан бол Омикроны үед шинж тэмдэг нь тод хатгаа болохгүй байгаа. Омикроны үед гэртээ тусгаарлан хөнгөн эмчилгээ хийнэ. Бид зөвхөн хүүхэд, жирэмсэн эмэгтэй, эрсдэлт бүлгийн хүмүүсийг түлхүү эмнэлэгт хэвтүүлнэ. Үүнд зохицуулалтын баг ажиллаж байгаа.
Өмнө нь огт вакцин хийлгээгүй ч өвчлөхгүй байсан иргэд Омикроны давлагааны үед 100 хувь өвчлөх эрсдэлтэй байгаа. Нэгдүгээр тунтай бол 100 хувь, хоёр болон гуравдугаар тунг хийлгээд гурван сар өнгөрсөн бол 100 хувь өвчлөх эрсдэлтэй. Түүнчлэн халдвараар өвчилснөөс хойш вакцин хийлгээгүй бол мөн Омикрон халдвараар өвчлөх эрсдэл бий. Учир нь тусаад эдгэрсний дараа тогтсон дархлаа Омикрон хувилбар хангалттай хамгаалж чадахгүй.
Харин өвчилсний дараа вакцин хийлгэсэн буюу хайбрид дархлаатай болсон иргэд Омикроны давлагаанаас маш сайн хамгаалагдаж байгаа гэх мэдээлэл байна" гэв.