Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдаан дээр коронавирусийн халдварын нөхцөл байдал, дархлаажуулалтын талаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж танилцууллаа.
Тэрбээр “Он гарснаас хойш халдвар авах хүний тоо өссөн. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүний тоо ч нэмэгдэж байна. Иймээс өнгөрсөн баасан гарагаас 1400 ор нэмж дэлгэхээр бэлтгэл ажлыг хангаж, 60 хувийг нь дэлгээд байна. Хэвтэн эмчлүүлж байгаа нэн хүнд өвчтөний тоо багассан. Он гарснаас хойш 14 мянган хүнээс тандалтын шинжилгээ авсан. Улаанбаатар хотод шинжилгээний зургаан цэг тогтмол ажиллаж байна” гэв.
Он гарснаас хойш 10720 хүнийг дархлаажуулжээ. Дөрөвдүгээр тунд 2367 хүн хамрагдсан байна. Өнөөдөр гэхэд 160 цэгт 161 багийн 754 эмч, ажилтан ажиллаж, 4800 хүнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Хотын дарга эмч, эмнэлгийн ажилтныг хүнд нөхцөлд ажиллаж байгааг онцлоод, эмч, эмнэлгийн ажилтнаа зөв хуваарилж, зохион байгуулалт хийж ажиллах хэрэгтэйг дурдлаа.
Нийслэлийн Засаг дарга оны өмнө захирамж гаргаж, 74 үйлчилгээний зөвшөөрлийг цуцалж, төрийн албан хаагчид хандахгүйгээр онлайнаар үйлчилгээ эрхлэх зөвшөөрлөө авах боломжийг бүрдүүлсэн. Энэ хүрээнд www.ulaanbaatar.mn сайтад 7000 гаруй иргэн хандсанаас 200 гаруй иргэн бүртгүүлээд байна. Мөн Хотын дарга Цагаан сарын худалдаа эрхлэх боломжийг иргэдэд бүрдүүлж өгөхийг холбогдох албаныханд даалгалаа.