Казахстан улсыг 30 орчим жил удирдсан Нурсултан Назарбаевын гэр бүлийн нийт өв хөрөнгө, эрх мэдлийг товчлон хэлэхэд хэцүү. Улс төрийн гэх ганц эх үүсвэртэй Назарбаевын эд хөрөнгийг Британийн эрх баригчид “үндэслэлгүй хөрөнгөжсөн” хэмээн сэжиглэн царцааж байв. Панам, Англи, Антилийн арлуудад оффшор хөрөнгөтэй Назарбаевын гэр бүлийн гишүүн бүр тус тусдаа хөрөнгөтэй төдийгүй Нурсултан Назарбаевын нууц амраг нь ч оффшор БҮСЭД хөрөнгөтэй нь Panama Papers-ээр илчлэгдэж байлаа.
Нурсултан Назарбаев албан ёсны гурван охинтой. Том охин болох Дарига Нур-Отан намын дарга, Казахстаны томоохон хэвлэлүүд болоод телевизийн сувгуудыг эзэмшдэг. Forbes Даригагийн хөрөнгийг 2013 онд 595 сая ам.доллар гэж мэдээлсэн бөгөөд үүнээс хойш жил бүр өсөн нэмэгдсэн байна.
Харин дунд охин Динара өмч хөрөнгөөрөө улсдаа дөрөвдүгээрт бичигддэг. 2018 онд Forbes сэтгүүлийн мэдээлснээр Динарагийн хөрөнгө 3.2 тэрбум ам.долларт хүрч, Төв Азийн хамгийн баян эмэгтэйчүүдийн нэгээр шалгарч байсан удаатай. Динарагийн нөхөр Тимур Кулибаев Казахстаны эрчим хүчний салбарыг тэр чигт нь эзэмшдэг төдийгүй алдарт Gazprom шатахууны компанийн ТУЗ-ийн даргаар ажилладаг. Динара, Тимур нарын гэр бүлийн нийт хөрөнгө нь 6.4 тэрбум ам.доллар.
Бага охин Алиягийн хөрөнгө гэр бүл дундаа хамгийн бага нь буюу 1.5 сая ам.доллар. Назарбаевын гурван охин төдийгүй зээ нар ч дэлхийн олон оронд, тэр тусмаа өндөр хөгжилтэй улсуудад үл хөдлөх хөрөнгөтэй. Тэдний нийт хөрөнгийнх нь хэмжээг гаргахад тооны машины орон багадана гэх нь ч бий. Нурсултан Назарбаевын үр хүүхдээс гадна энэ овгийнхон бүгд олон зуун сая ам.долларын хөрөнгө эзэмшдэг. Назарбаевын ач хүү Кайрат Сатыбалдыұлы, Самат Абиш нар олны хэл амнаас айхдаа ч бус өмч хөрөнгөө нуухын тулд овгоо сольцгоосон гэдэг.
Radio Free Europe, Radio Liberty-ийн сэтгүүлчид Назарбаевын төрөл төрөгсдөд хамаарах үл хөдлөх хөрөнгийн тоймыг гаргажээ.
Ингэхдээ Назарбаевийн нэр дээр бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг оруулсан бөгөөд мөнгөн хөрөнгө болон оффшор данс, үнэт эдлэл, бусад орлогыг нь оролцуулаагүй юм. RadioLiberty-ийн мэдээлснээр Назарбаевын гэр бүлийн гишүүд болон тэдний хадмууд 20 жилийн хугацаанд дэлхийн зургаан улсад 785 сая ам.долларын үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан бөгөөд Кулибаевын эзэмшдэг Испани дахь үл хөдлөх хөрөнгийн худалдаж авсан үнийн дүн багтаагүй гэж мэдээлжээ.
Назарбаевийн эдлэнгүүд
1. Канн-д орших “La Tropicale” эдлэн
34 сая ам.доллараар 2008 онд худалдаж авсан уг эдлэнгийн эзэд нь Болат Назарбаев болон Майра Курмагалиева. Нийт 6464 мкв талбайтай, тансаг зэрэглэлийн харштай. Долоон унтлагын өрөөтэй. Эдгээр өрөө нь тус бүртээ хувцас солих болон угаалгын өрөөтэй. Жижгэвтэр лоунж, хоёр гал тогооны өрөөтэй. XIX зууны үеийнх учир түүхэн ач холбогдол нь жилээс жилд үнийг нь өсгөх гайхалтай харш юм.
2. Испани – Avenue Canyelles 2(B), Lloret De Mar, Girona. Үнэ нь тодорхойгүй уг эдлэн 20 гектар газартай, 3200 мкв харштай. Нийт 13 унтлагийн өрөө, 19 угаалгын өрөө, усан сан, гэрийн кино театр, тансаг зэрэглэлийн автомашинуудад зориулагдан тоноглогдсон гарааштай. Эзэмшигч нь Тимур Кулибаев, 72 сая ам.доллараар худалдаж авсан гэдэг.
3. Женев – Chateau de Bellerive, No. 25 and No. 27 Chemin du Milieu, Collonge-Bellerive, Canton
106 сая швейцарь франк буюу 113.2 сая ам.долларын үнэтэй тус эдлэнг эзэмшигч нь Динара Кулибаева. 28 700 мкв талбайтай 2 цамхагтай, XVII зууны үеийн харшийг Динара 2019 онд худалдан авчээ. Динараг худалдан авах үед харшийн үнэ 63.8 сая ам.доллар байсан бол өдгөө үнэ цэн нь улам нэмэгджээ.
4. Женев – No. 399 Route D’Hermance, Anières, Canton
Мөн л Динарагийн эзэмшлийн уг эдлэн гурван давхар, нуурын эргийн байшинтай. Эдлэнгийн нийт талбай 7960 мкв бөгөөд усан сан, спа, зочдын хэсэг, террастай.
5. Швейцарь – Villa Galli, Via Cantonale 3, Melide, “La Romantica”
11014 мкв уг талбайд ресторан, усан сан бүхий 5 давхар зочид буудал барихаар төлөвлөгджээ. Шөнийн цэнгээний газар, бүжгийн танхимтай байсан уг газрыг Тимур Кулибаев, Бегжет Паколли нар хамтран эзэмшдэг. Үнэ нь тодорхойгүй байгаа аж.
6. АНУ- 10225 Collins Ave., Unit 1801, Bal Harbour, Florida
Болат Назарбаев, Данияр Кесикбаев нар тансаг зэрэглэлийн 3 унтлагийн өрөө, 5 угаалгын рөө бүхий далайн эрэг рүү харсан орон сууцыг хамтран эзэмшдэг. Тэд уг орон сууцанд 3.4 сая ам.доллар төлсөн гэдэг.
7. АНУ- Margo Way, Alpine, New Jersey
Данира Кесикбаев, Майра Курмангалиева нарын нэр дээрх уг барилга 13 унтлагын өрөөтэй, 8 машины багтаамжтай гарааш, дарсны зоорьтой. 20 сая ам.доллараар үнэлэгдсэн барилга 2014 онд шинэ эздийнхээ нэр дээр шилжсэн байна.
8. АНУ – Apts. 930 and 702, 55 Wall St., New York City
Нью Йоркийн төвд орших орон сууцны барилгыг Данира 2016 онд худалдан авсан. 930 болон 702 тоот нь тус бүртээ 2.6 сая, 1.7 сая ам.доллараар үнэлэгдсэн. 930 тоот нь 2 унтлагийн өрөө, 1 угаалгын өрөөтэй бол 702 тоотод 4 өрөө, 1 унтлагын өрөөтэй аж.
9. АНУ- Plaza Hotel, Unit 1801, 768 Fifth Avenue, New York City
Болат Назарбаев уг орон сууцанд 20.2 сая ам.доллар төлжээ. Нийт 4 унтлагын өрөө бүхий 427 мкв талбайтай. Нурсултан Назарбаевын төрсөн дүү Болат Назарбаев зээ дүү нартайгаа хамтдаа өөр олон барилга, эдлэнг хамтран эзэмшдэг.
10. Чех – Hotel Corso, Stará Louka 460/38, Karlovy Vary
Динарагийн охин Зелина Катрановагийн нэр дээр байдаг уг зочид буудал нийт 526 мкв талбайтай. 1999 оноос хойш Зелинагийн нэр дээр шилжсэн бөгөөд үнэ нь тодорхойгүй аж.
11. Чех – Hotel Mignon, Sadova 1049/55, Karlovy Vary
Кайрат Боранбаевын нэр дээрх зочид буудлын үнэлгээ нь 2000 онд 74 сая ам.доллар байжээ. Дөрвөн одтой уг зочид буудлыг эзэмшигч Кайрат Боранбаев бол Дарига Назарбаевын худ. Кайратын охин Алима Даригагийн хүү Айсултантай гэрлэжээ.
12.Чех- Myslivna, Sovova stezka 470/1, Karlovy Vary
1.4 сая ам.долларын үнэтэй шилтгээний эзэн нь Тимур Кулибаев. Газар, үл хөдлөхийн нийт талбай нь 9280 мкв.
13. Чех – Sportcentrum Hruskova, Hruskova 2194, Sokolov
Кайрат Боранбаев уг спорт цогцолборыг 62700 ам.доллараар худалдан авчээ. Боулинг, ширээний теннис, бадминтон, билльярд, саунтай цогцолборын нийт талбайн хэмжээ 1129 мкв.
14. Чех- Villa Ahlan, Sadova 1075/53, Karlovy Vary
1999 онд 300 000 ам.долларын үнэлгээтэй байсан барилгын эзэмшигч нь Кайрат Боранбаев.
15. Их Британи- 215 to 237 Baker Street, London
Дарига Назарбаевын 214.5 сая ам.долларын үнэлээтэй блокыг 2015 оноос хойш эзэмшиж буй.
16. Их Британи- 41-42 Upper Grosvenor Street; 41-42 Reeves Mews, London
Тимур Кулибаев Лондон дахь уг байшинд 92.2 сая ам.доллар төлжээ.
17. Их Британи- Pine Hill, Heatherside Drive, Virginia Water, Surrey, England
Кайрат Боранбаевын нэр дээрх энэхүү эдлэн онд 39.9 сая ам доллараар үнэлэгддэг. Үл хөдлөх, газар нь нийлээд 2100 мкв.
18. Их Британи – Sunninghill Park, Sunninghill Park, Buckhurst Road,
30.1 сая ам.долларын үнэлгээтэй 14 унтлагын өрөө, саун, теннисийн талбайтай уг эдлэнгийн эзэмшигч нь Тимур Кулибаев.
19. Их Британи – The Hampstead Mansion, 33 The Bishops Avenue; London.
Дарига Назарбаев, Нурали Алиевын хамтран эзэмшдэг энэхүү эдлэн 10 унтлагын өрөө, усанд сан, гэрийн кино театртай. Лондон хотын хамгийн тансаг зэрэглэлийн 5 бүсийн нэгт оршдог. Үнэ нь тодорхойгүй.
Үл хөдлөх хөрөнгө үнэ цэн нь хэзээд өсөн нэмэгдэж байдаг төдийгүй тухайн улсад амьдран суух эрхтэй болгодог гэхчилэн олон давуу талтай гэдгийг Назарбаевын гэр бүлийнхэн овжин ашиглажээ.