Цөлийн дунд оршин асар том хийн тогоонд хэдэн арван жилийн турш асч буй “Тамын хаалга”-ны галыг унтраахыг Туркменстаны ерөнхийлөгч тушаалаа.
Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов байгаль орчин, эрүүл мэндийн аюулгүй байдлын үүднээс болоод хийн экспортыг нэмэгдүүлэх хүчин чармайлтын нэг хэсэг болгон хийн тогооны галыг унтраахыг хүсч байгаагаа албан ёсоор мэдэгджээ.
Тус улсын нутаг дэвсгэрт орших Каракумын элсэн цөл дэх Дарваза хийн тогоо нь нууцлаг агаад аюултай байгалийн тогтоц юм. Цөлийн дунд байх хийн тогоо нь олон арван жилийн турш шатаж байгаа бөгөөд нутгийн иргэд үүнийг 1971 онд Зөвлөлтийн ажилчдын өрөмдлөгийн ажиллагаа буруу болоход үүссэн гэж үздэг.
Харин Канадын судлаач Жорж Курунис 2013 онд хийн тогооны гүнийг судалж үзээд энэ тогоо хэзээ үүсч, юунаас болж шатаж эхэлснийг хэн ч үнэндээ мэдэхгүй болохыг тогтоожээ.
Туркмений орон нутгийн геологичдын үзэж байгаагаар 1960-аад онд үүссэн асар том тогоонд 1980-аад онд гал асч эхэлсэн аж.
"Бид их хэмжээний ашиг олж, ард түмнийхээ аж амьдралыг дээшлүүлэхэд ашиглах боломжтой байгалийн үнэт баялгаа алдаж байна" Ерөнхийлөгч телевизээр хэлсэн үгэндээ онцлоод галыг нь яаралтай унтраахыг албаны хүмүүст үүрэг болгожээ.
Тэрээр албаны хүмүүст "Гал унтраах арга замыг хайж олохыг" даалгасан аж. Ерөнхийлөгчийн уг тушаалаас өмнө “Тамын хаалга” хэмээн нэрлэгдсэн хийн тогооны галыг унтраах оролдлого олон удаа гарч байсан ч амжилт олоогүй юм.
Сонирхуулахад, 2018 онд Ерөнхийлөгч Бердымухамедов “Тамын хаалга” гэх нэрийг нь албан ёсоор Каракумын гялбаа болгон өөрчлөх тушаал гаргаж байжээ.