Пакистаны хойд хэсэгт их хэмжээний цас орж, 21 хүн машиндаа осгож нас баржээ.
Амиа алдагсдын дунд нэг цагдаа, түүний эхнэр, зургаан хүүхэд, мөн өөр нэг гэр бүлийн таван хүүхэд байгаа гэж орон нутгийн Онцгой байдлын аврах албанаас мэдээлсэн байна.
Уулын оройд орших Мурре хотын өвлийн цасыг үзэхээр жуулчид ихээр цугласны улмаас 1000 орчим тээврийн хэрэгсэл гацсан байна. Цасанд боогдож уулын замд гацсан иргэдэд осгох аюул нүүрлээд байгаа бөгөөд цэргийнхэн цасанд боогдсон 300 гаруй хүнийг аварчээ.
Пакистаны Армийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, цэргийн инженерүүд болон цэргүүд Мурре хот руу чиглэсэн замуудын цасыг цэвэрлэж байгаа ч хүн хүч дутмаг учраас удаашралтай байгаа аж.
Сүүлийн өдрүүдэд Мурре хотод орж буй цасыг үзэж баясахаар 100 мянга гаруй машин ирж, Пакистаны олон нийтийн сүлжээгээр цасанд баясаж буй хүмүүсийн зураг дүүрэн байлаа. Гэвч баасан гариг гэхэд жуулчдын машинууд түгжрэл үүсгэн, нэмж цас орсноор хөгжилтэй явдал нь харамсалтай явдал болон хувирах болжээ.
Онцгой байдлын албаны мэдээлснээр 21 хүн нас барсны 10 нь хүүхэд байна. Нас барсан хүмүүсийн зургаа нь машиндаа осгосон бол, бусад хохирогчдын хувьд машиныхаа халаагуурын угаарт амьсгал нь боогдож нас барсан гэдгийг албаны хүмүүс тайлбарлав.
Нутгийн иргэд уулын замд гацсан хүмүүсийг хөнжил, хоол хүнсээр хангасан бол далайн түвшнээс дээш 2300 метрийн өндөрт байрлах хот руу хүрч чадсан хүмүүст нутгийн захиргааны байр болон сургуулийн байранд аврах байр засч өгчээ.
Ерөнхий сайд Имран Хан жуулчдын "эмгэнэлт үхэлд" цочирдож байгаагаа Твиттер хуудсаараа дамжуулан "Ийм эмгэнэлт явдлаас урьдчилан сэргийлэхийн тулд мөрдөн байцаалт явуулж, хатуу зохицуулалт хийх”-ийг тушаасан байна.