Өмнөд Солонгосын кимчиний экспорт өсөн нэмэгдэж, өнгөрсөн жил түүхэн дээд хэмжээндээ хүрсэн тухай "Yonhap" агентлаг мэдээллэв.
2021 онд Солонгосын халуун ногоотой уламжлалт хачир кимчигээ гадны улсуудад нийлүүлсэн хэмжээ дээд амжилт тогтоон 159.9 сая ам.долларт хүрчээ. Улмаар тус салбарын гадаад худалдааны тэнцэл 19.2 сая ам.долларын ашигтай гарсан гэж Хөдөө аж ахуй, хүнсний яамны тайланд дурджээ.
Өмнөд Солонгос улс сүүлийн 12 жилийн хугацаанд анх удаа кимчи экспортоос ашиг олж буй нь энэ аж.
Кимчи бол байцаа, давс, улаан чинжүүний нунтгаар амталж даршилсан Солонгосын уламжлалт хачир бөгөөд бараг бүх хоолтойгоо хамт иддэг.
Кимчиний экспорт сүүлийн таван жилд жилд дунджаар 18 хувиар өсч, импортлогч орны тоо 2011 онд 61 орон байсан бол 2021 онд 89 болж нэмэгджээ.
Хөдөө аж ахуй, хүнсний яамнаас кимчиний экспорт нэмэгдсэн нь Солонгосын поп соёлын давалгаа болох "халлю"-гийн нэр хүнд өсөж байгаатай холбон тайлбарлав. К-поп болон Солонгосын давалгаа нь дэлхийн залуучуудын дунд цуурайтаж, BTS болон Өмнөд Солонгосын реппер Psy-ийн 2012 оны мегахит "Gangnam Style” дууны нөлөө их юм.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар К-поп болон телевизийн олон ангит киноноос үүссэн Солонгосын давалгаа нь гадаад дахь шүтэн бишрэгчдийг Өмнөд Солонгосын бүтээгдэхүүний идэвхтэй хэрэглэгч болгож чаджээ.