Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас онцгой анхаарал татах хувилбар омикрон бүртгэгдсэн. Омикрон хувилбар өнөөдрийн байдлаар дэлхийн 145 улсад бүртгэгдсэн. Манай улсын хувьд өнгөрсөн баасан гараг буюу нэгдүгээр сарын 7-ны өдөр гаднаас ирсэн иргэдийн 12 сорьцоос омикрон хувилбар илэрсэн гэдгийг албан ёсоор мэдэгдсэн. Өнгөрсөн 12-р сараас эхлэн дотооддоо бүрэн геномын дараалал тогтоох шинжилгээ хийж эхэлсэн. Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 9-ны өдөр дотоодын пср шинжилгээгээр сорьцуудад хийсэн шинжилгээний дүн гарсан байна. Эдгээр сорьцын тавд омикрон тохиолдол илэрчээ. Өнөөдөр дотоодод албан ёсоор омикрон хувилбар бүртгэгдлээ.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Манай улсад дөрөвдүгээр давлагаа эхэлж байна. Дөрөвдүгээр давлагааны оргил үеийг эрдэмтэд нэг сарын сүүл, хоёр сарын ихээр байна гэж тооцоолжээ. Орны ачаалал нэмэгдэх хандлагатай байгаа учраас эхний ээлжид хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, архаг суурь өвчтэй, ахмад настан зэрэг эрсдэлтэй бүлгийг эрэмбэлэн хэвтүүлж эмчилнэ. Сүүлийн хоёр хоног дотоодын халдвар 1000-аас дээш бүртгэгдэж байна. Улаанбаатарт 700-800, орон нутагт 200-300 халдвар бүртгэгдэж байна. Цаашид халдварын тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн нэг сарын хугацаанд баяр өргөн хүрээнд тэмдэглэж, хөл хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотой байгаа юм.
Засгийн газар, УОК, ЭМЯ аль болох хөл хорио тавихгүйгээр хариу арга хэмжээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Иргэд та бүхний оролцоо, хамтын хүчээр энэ давлагааг амжилттай даван туулж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна" гэж хэллээ.
Иймээс иргэд та бүхнийг амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайгаа барьж, ариутгал халдваргүйжүүлэлтээ тогтмол хийхийг анхааруулж байна.