Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргал Америкийн нэгдсэн улсын Аризона мужид болсон 10 өдөр 10 шөнийн тасралтгүй гүйлтийн тэмцээнд оролцож 1111 км замыг туулан нэгдүгээр байр эзэлсэн байна.
Энэхүү тэмцээн 12 дугаар сарын 27-ноос энэ сарын долооны хооронд зохион байгуулагдсан юм.
Түүний өнгөрсөн онд гаргасан амжилтаас дурдвал, Висконсон мужийн Милвакий хотод зургаа дугаар сарын 20-26-нд болсон зургаа хоногийн гүйлтэд оролцож, 904 км гүйн найм дахь аварга болж байв.
Тэрбээр энэхүү тэмцээнд оролцохдоо,
- 900 гаруй км-с дээш гүйсэн Дэлхийн 21 дахь хүн болсон.
- Сүүлийн 13 жил, 6 хоногт 900 км-т хил давсан дэлхийн 5 дахь хүн болсон.
- 6 өдрийн дотор гүйлтийн замыг 2038 тойрог гүйж, нийт 904.072 км явсан аж.
- Тэмцээний зам дээр бүх аваргуудын дээд амжилт 835 км байсныг 69км-р шинэчилсэн.
- 6 хоногийн Ази тивийн рекорд 834 км -г 70 км-р шинэчилж байв.
- Харин энэ удаа 1111 км гүйж дахин амжилт тогтоожээ.
Тамирчин Б.Буджаргал энэ талаар цахим хуудсандаа, “Ачит төрийнхөө далбааг дахин мандуулж, дэлхийн аваргын цом бүс дээр нэрээ бичүүлж чадлаа. Олон өдрийн Хэт холын зайн гүйлтийн тэмцээнд 9 дэх удаагаа аварга болж байна. Монгол хүний тэсвэр хатуужлыг харуулж Монгол улсаа бага ч болов сурталчлаад авлаа шүү. Дэмжиж тусалдаг та бүхэндээ баярлалаа.
Та бүхний итгэлийг алдаагүй
Тамирчины алдар хямдхан олдоогүй” хэмээн бичжээ.