Сүүлийн үед залуусын дунд таталт өгөх, суугаад босоход нүд харанхуйлах, халуун усанд ороод ухаан алдах, толгой дүйнгэтэх, дотор муухайрах шинж тэмдэг илрэх болсон нь даралттай холбоотой биш агаарын бохирдолтой холбоотой гэдгийг хэлж байгаа юм. Тиймээс утаа хүний тархи, мэдрэлд хэрхэн нөлөөлдөг талаар УНТЭ-ийн мэдрэлийн эмнэл зүйн төвийн их эмч Б.Энхзоригоос тодрууллаа.
Тэрбээр "Том элементүүд, жишээ нь тоос шороо уушгиар ороод цусны хоригоор цаашаагаа нэвтэрч цус руу орж чаддаггүй. Тэгэхээр энэ үйлдвэрлэлийн тоос, агаарын бохирдол, яндангийн утаа жижигхэн хэмжээтэй тооснууд гаргадаг. PМ 2,5 гэж яриад байдаг. Тэр чинь 2,5 микро метрээс жижигхэн хэмжээтэй гэсэн үг. Тэгэхээр тэр хэмжээтэй юмнууд нь судас руу уушгиараа дамжаад орчихдог. Тэгээд цусан дотор нь эргэлдээд байгаа юм л даа. Тэгээд эргэлдэж эргэлдэж байгаад нөгөө нарийхан судаснууд дээр очиж бөглөрдөг, бөөгнөрдөг. Тэгэхээр тархи чинь тэжээлээ авч чадахгүй үйл ажиллагаагаа алдчихдаг. Тэгээд хамгийн их үүсдэг юмнууд нь тархины цус харвалт, шигдээс, тархины шигдээс, зүрхний шигдээс. Дээрээс нь үйл ажиллагааны алдагдал буюу зөнөлт. Зарим хүмүүс альцгеймер, хүмүүсийн танин мэдэхүй үйл ажиллагаа чинь бүр улам дорддог гэсэн судалгаанууд байгаа" гэж хэллээ.
Чингэлтэй дүүргийн 12-р хорооны оршин суугч Х.Батболд
"2014 оноос хойш энд амьдарч байгаа. Утааны түвшин тэр үед гайгүй байсан. Энэ жил бүр илүү байна. Би гурван удаа цус харвасан. 2017 оны 12 сард дөрөв, тав, арван сард гурван удаа харвачихсан. Нэг жилд гурван удаа харвасан гэсэн үг. Энэ жилээс миний энэ тархи толгой дүүрээд нүд маналзаад л байгаа. Ингээд л явж чадахгүй. Энэ утаа чинь сонин аргалын утаа шиг биш байна шүү дээ. Сааралтаад хоолой аргаад, гашуу оргиод байдаг" гэв.
"Зүрх, тархи хоёр чинь хэзээ ч буцаж сэргэдэггүй. Нэг гэмтчихсэн бол тэгээд тэр чигээрээ явчихдаг байхгүй юу. Гэр хороололд байгаа хүүхдүүд утаанд гадаа ч өртөөд гэртээ ч өртөөд байгаа. Тэгэхээр өртөлт нь хамаагүй их. Тэгээд танин мэдэхүйн үйл ажиллагаанд нь хамаагүй муу. Тэгэхээр гэр хороололд байгаа хүүхдүүд хотын төв, хөдөө орон нутгийн алслагдсан, бохирдол багатай газруудын хүүхдүүдтэй харьцуулахад хамаагүй доогуур байгаа. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ бол ерөөсөө л гэрийнх нь зуухыг ил гал байхгүй хоол хийдэг, халаадаг нөхцөлийг галаар биш өөр юмаар шийдвэрлэх нэгдүгээрт дотоод орчинд. Хоёрдугаарт гадаа гарахдаа байнга маск зүүгээрэй" гэж УНТЭ-н мэдрэлийн эмнэл зүйн төвийн их эмч Б.Энхзориг зөвлөлөө.