Хоёрдугаар ангиасаа эхэлж таван жил тасралтгүй жиү жицүгээр хичээллэж байгаа 12 настай Б.Билгүүнтэй түүний хүсэл мөрөөдлийн талаар ярилцлаа.
Тэрбээр улсын аварга шалгаруулах тэмцээнд удаа дараа амжилттай оролцож жиү жицүгийн төрлөөр 2021 онд дэлхийн аваргаас алтан медаль хүртсэн юм. Өмнө нь 2019 онд дэлхийн аваргын тэмцээнээс эхний шатандаа хасагдсан Б.Билгүүнтэй хүү хоёр жил бэлтгэлээ базааж, уйгагүй хөдөлмөрлөсний эцэст ийнхүү өөрийн ангилалдаа тэргүүлсэн билээ. 2028 онд жиү жицү бөхийн төрөл олимпод бүртгэгдэхэд аварга болох мөрөөдөлтэй, онгоцны нисгэгчээр суралцах хүсэлтэй Б.Билгүүнтэй хүүгийн ярилцлагыг хүлээн авна уу.
-Өөрийгөө танилцуулахгүй юу?
Намайг Билэгтийн Билгүүнтэй гэдэг. Одоо 13 нас хүрнэ. Оюуны ундраа цогцолбор сургуулийн долоогийн арав ангид сурдаг. Аав, ээж, ах, эгч ам бүл тавуулаа.
-Жиү жицү спортын бусад спортоос ялгарах онцлог нь?
Анх жиү жицүд орж ирэхдээ би ерөөсөө А, Б сууж чаддаггүй байсан. Таван жил хичээллэж байна. Одоо А, Б хоёуланг нь сууж чадна. Жюү жицү спорт нь нөгөө спортуудаас давуу тал нь хэвтээгээс ихэвчлэн барилддаг. Тэгээд бярны барилдаан биш дандаа техникээр ямар ч бяр шаардахгүйгээр барилддаг. Анх хоёрдугаар ангиасаа хичээллэж эхэлсэн. Анх хичээллэж эхлэхэд гоё санагдаж байсан байлаа. Учир нь эхнийхээ тэмцээнд ороод медаль авч байсан юм.
2019 ОНЫ ХОЖИГДСОН ДЭЛХИЙН АВАРГА НАДАД МАШ СУРГАМЖТАЙ САНАГДСАН
-Хамгийн сургамжтай тэмцээнийхээ талаар яривал?
Жиү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2019 онд очиж барилдаад хожигдож байсан болохоор энэ жил даагаа нэхээд очиж барилдаад алтан медаль авсандаа их баяртай байгаа. 2019 оны хожигдсон дэлхийн аварга надад маш их сургамжтай санагдсан. Алдаа нь өндөр өрсөн. Жиү жицү нам өрдөг. Тэр үед өндөр өрөөд босоогоос оноо алдаад хожигдож байсан. Тэрийгээ засаж чадсан.
-Барилдаж эхэлснээсээ хойш шантарч байсан удаа байгаа юу?
Анхныхаа тэмцээнд орчхоод дараалаад хоёр тэмцээнд орсон. Тэр хоёр тэмцээндээ хоёуланд нь хожигдчихоод аав ээж хоёртоо "Ер нь больё. Энэ чинь сонин юм байна. Ингээд хожигдоод байх тэнэг юм байна" гээд тэр үед барилдахаа болих гэж байлаа. Харин аав, ээж хоёр нэг юмандаа тууштай байх юм бол ямар ч зүйлд амжилт гаргаж чадна. Тууштай явах юм бол миний хүү олимпын аварга ч болох боломжтой шүү гэж хэлээд би спортоо хаяагүй. Одоо хоёр тэмцээнд хожигдлоо гэж бодоход дараа нь өчнөөн тэмцээн байгаа. Тэдэндээ хожчих юм бол ямар болохоо мэдэхгүй шүү дээ гээд үргэлжлүүлсэн. Тэр үед гоё байсан. Одоо ингээд дэлхийн аварга болчихсондоо баяртай байна.
-Ангийнхан нь хэр их дэмждэг вэ? Ямар хичээлдээ дуртай вэ?
Сая дэлхийн аваргад яваад ирэхэд манай ангийнхан бүгд цаасан дээр өөрийнхөө сэтгэлийн үгийг бичээд бэлэглэсэн. Манай ангийнхан намайг их дэмжиж байгаад чин сэтгэлээсээ баярлаж байгаа. Би математик, биеийн тамирын хичээлдээ илүү дуртай.
-Найзуудтайгаа чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
Хамт тоглодог, кино үздэг. Би таван найзтай. Одоо гадаа цастай байгаа болохоор заримдаа найзууд дээрээ алдаад байдаг мэхүүдээ давтдаг.
-Ямар мэх хийх дуртай вэ?
Хэвтээгээс исип хийдэг мэхэнд ер нь дуртай. Хэвтээгээс исип хийгээд оноо аваад дээр нь гарах мэх хийх дуртай. Нэг мэхийг бараг мянга давтаж байж сурдаг. Ганц, хоёрхон удаа давтаад сурна гэж байхгүй. Бараг байнгын давтаж, бэлтгэл хийж байдаг даа.
ААВЫНХАА БАРИЛДДАГ БАЙСАН ҮЕИЙН ЗУРАГ БИЧЛЭГИЙГ ХАРААД ЖИҮ ЖИЦҮД ДУРТАЙ БОЛСОН
-Гэр бүлд нь спортын талын хүн байдаг уу?
Аав маань багаасаа эхэлж барилдсан. Тэгээд хорин хэдтэйдээ хөдөө явж байгаад осолд ороод харамсалтайгаар нуруугүй болсон. Одоо төмрөн нуруутай ямар ч барилдах нөхцөл байхгүй. Тэгээд намайг барилдуулна гээд, би өөрөө ч гэсэн сонирхолтой байсан. Аавын барилддаг байсан зураг, бичлэгийг харахаар гоё санагдаад тэгээд өөрөө бас барилдахад дуртай болсон. Ах маань Монгол улсын хөл бөмбөгийн шигшээгийн тоглогч байсан. Одоо бол Америкт байгаа. Одоохондоо тоглохгүй байгаа.
-Ах нь хөл бөмбөгт байсан гэхээр чи ч гэсэн сонирхдог уу?
Хөл бөмбөгийн улсын аваргаас мөнгөн медаль авч байсан. Ер нь хөл бөмбөг, жиү жицү хоёроороо явна. Гэхдээ хөл бөмбөгөө байнгын тоглохгүй. Зав гарахаараа чөлөөт цагаараа л тоглож байна гэж боддог. Долоо хоногийн гурван өдөр бэлтгэл хийдэг. Тэгээд манай гэрээс бэлтгэл жоохон хол. Оройн цагаар байнгын бэлтгэлтэй байдаг болохоор ирэхэд хэцүү. Тиймээс орой болгон ээж маань ажлаасаа эрт гарч намайг хүргэж өгнө. Аав маань бас оройн машинаараа ирж авна.
-Гаднын улс руу тэмцээнд явахдаа хувиасаа зардлаа гаргадаг уу?
Одоохондоо ямар ч спонсор байгууллага байхгүй. Аав, ээж хоёр маань л хувиасаа мөнгөө гаргаж намайг дэмжиж, урамшуулж тэмцээнд явуулдаг. Үүнд нь би маш их баярладаг. Аав, ээждээ баярлалаа гэж хэлье.
2028 ОНД ЖИҮ ЖИЦҮ ОЛИМПОД БҮРТГЭГДЭХЭД АВАРГА БОЛОХООР ХИЧЭЭЖ БАЙНА
-Спорт болгон ахиад явдаг. Чиний хувьд энэ спортоор хичээллээд нэлээн хугацаа өнгөрсөн байна?
Энэ спортод бүс ахина. Хамгийн анх ороход би цагаан бүстэй байсан. Тэгээд цагаан саарал, шар, улбар шар гээд хүүхдүүдийнхээс дээрээсээ хоёр дахь шатлал дээр явж байгаа. Би таван жилийн хугацаанд Батбаяр багш дээрээ л хичээллэсэн. Анхных нь хүүхдийн шавь болж орж байсандаа их баяртай байгаа. Багшдаа баярлалаа.
-Медаль авах бүрдээ маш их хөдөлмөр зарцуулсан болохоор баярладаг байх даа?
Медаль авах бүрдээ ямар ч байсан нэг барилдаан дээр нэг алдаа гаргаж байгаа. Тэр алдаагаа засаж байгаад дахиж тэр алдаагаа гаргахгүйгээр барилдана даа гэж боддог.
-Талархаж явдаг зүйл бий юу?
Энэ клубд бэлтгэл хийхэд их тухтай. Дэвжээ нь ч гэсэн бусад дэвжээнээс хамаагүй гоё. Хэрвээ энэ заал ийм гоё байгаагүй байсан бол бид ямар ч байх байсан юм билээ. Муу байлаа гэж бодоход бэлтгэлээ хийж чадахгүй. Тэр муу байгаа юманд нь анхаарлаа хандуулаад тэрийг нь засах гэнэ. Одоо ямар ч тийм асуудал байхгүй болохоор санаа зоволтгүй бэтгэлээ сайн хийж байгаа.
-Чиний мөрөөдөл юу вэ?
Хамгийн эхний мөрөөдөл минь 2028 оноос жиү жицү олимпод орохоор хамгийн түрүүнд олимпын аварга болох л мөрөөдөлтэй байгаа. Олимпын аварга болчхоод, ээж аавыгаа сайхан амьдруулна гэж боддог. Хоёрдугаарт онгоцны нисгэгч болно гэж багаасаа мөрөөдсөн. Ер нь цаашдаа том болоод онгоцны нисгэгч болно гэж бодож байгаа. Онгоцны нисгэгч болохын тулд англи хэл хэрэгтэй. Улс орон руу тэмцээнээр явахад ч англи хэл маш их хэрэгтэй болдог. Тийм учраас англи хэлдээ тууштай анхаарна гэж бодож байгаа.
-Ярилцлагын төгсгөлд хэлэхийг хүссэн зүйл байна уу?
Жиү Жицүгээр хичээллэх гэж байгаа хүүхдүүдэд хэлэхэд жиү жицү гоё спорт шүү. Уян хатан, техникээр барилддаг. Өмнө нь намайг хожиж байсан хүүхдүүдэд хэлэхэд одоо би өмнөх шигээ байхгүй байгаа шүү л гэе дээ.