Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдэл, ТББ-уудын төлөөлөл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэмэгдэл халамжийг зогсоож байгааг эсэргүүцэн хэвлэлийн бага хурал хийлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төлөө “Ээлтэй ертөнц” ТББ-ын Т.Туяажаргал "Коронавируст халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд цар тахлын үед эдийн засгийг дэмжих хоёр дахь багц арга хэмжээнд тусгагдсан хүүхэд, эмзэг бүлэг, бага орлоготой өрхийн амьжиргааг дэмжих зорилгоор авч хэрэгжүүлсэн энэ багцад хөгжлийн бэрхшээлтэй иргэнд сардаа халамжаас, төрөөс бидэнд 188 мянган төгрөг дэмжлэг олгодог. Энэ 188 төгрөг амьжиргаанд бусад зардлуудад хүрэлцдэггүй хэмжээний мөнгө. Энэ мөнгөн дээр 100 мянган төгрөгийг нэмж олгохоор 2020 оны тавдугаар сарын 6-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар баталсан. 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд энэ 100 төгрөгийг дэмжлэгийг зогсоох тухай шийдвэр гарсан байна.
Байнгын эм тариа, нэмэлт бүтээгдэхүүн өвчний улмаас хэрэглэж байгаа дээр төрөөс олгож байгаа тэтгэмжийн мөнгө үнэхээр хүрэлцэхгүй байхад энэ 100 мянган төгрөгийг хасаж байгааг бид эсэргүүцэж байна.
ТББ-уудын нэгдэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар болон ХНХ-ын сайд А.Ариунзаяа нарт албан тоот шаардлага хүргүүлж байна.
Сонсголгүй иргэдийн үндэсний холбооны ерөнхийлөгч А.Энхбаатар "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжаас авдаг 280 мянган төгрөг үнэхээр бидний амьдралд хүрдэггүй. Дээрээс нь хил хаасан эдийн засаг улам хурдацтай доошоогоо унаж байна. Яг энэ үед биднийг 288 мянган төгрөгөөс хасахад маш олон бухимдал, олон хүний гомдол ирж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажилд орох ажлын байр маш хомс байдаг. Төр засгаас үүнийг нь харж дэмжээд нэмэгдэл 100 мянган төгрөгийг нь хэвээр байлгаж яагаад болдоггүй юм бэ.
Түгээмэл хөгжил төвийг төлөөлж ирсэн н.Тэмүүлэн "Би эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Манай эхнэр бид хоёр хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй. Цахилгааны төлбөрийг таван сар хүртэл сунгасан байсан. Над шиг хүнд хэлбэрийн залуучууд гэр бүлдээ ямар ч дэмжлэг байхгүй. Ядаж халамжийнх нь мөнгийг хасахгүй байгаач гэж хүсэж байна.