ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. Гадаадаас ирсэн иргэдээс нисэх буудал дээр нь PCR болон түргэвчилсэн шинжилгээ хийж байна. Хариу эерэг гарсан иргэдээс генийн дараалал тогтоох шинжилгээ хийхэд нийт 12 сорьцоос Омикрон хувилбар илэрсэн. Үүний 10 нь Суданаас ирсэн, хоёр нь Истанбулын нислэгээр ирсэн гэж ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан мэдээлэв.
2021 оны 12-р сарын 19-нд Суданаас 244 энхийг сахиулагч эх орондоо ирсэн. Энхийг сахиулагчдад хэд хэдэн удаагийн шинжилгээгээр 231 нь PCR шинжилгээний хариу эерэг гарсан бөгөөд 14 хоног тусгаарлан эмчилж, гаргасан. Халдвар авсан энхийг сахиулагчдын 96 хувь нь хөнгөн, 4 хувь нь хүндэвтэр байсан. Эрчимт эмчилгээний заалттай хүн байгаагүй. Мөн Япон улс руу баталгаажуулахаар явуулсан 100 сорьцны хариу ирээгүй байна гэв.
Өнгөрсөн лхагва гарагт Эрүүл мэндийн сайд С.Энхболд IV дэх тунгийн судалгаа хийгдэж байгааг дуулгасан. Тэрээр вакцин хийсэн хугацаа хойшлох тусам хамгаалах чадвар буурч байгаа тул III тун хийлгээд гурван сар болсон хүмүүс сайн дураараа IV тунд хамрагдаж болно хэмээн мэдээлсэн.
Тэгвэл Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр "Иргэд өнөөдрөөс эхлэн сайн дураараа коронавирусийн эсрэг дархлаажуулалтын IV тунд хамрагдах Эрүүл мэндийн сайдын тушаал гарлаа" хэмээн мэдээллээ.