Казахстан дахь эмх замбараагүй байдлыг зогсоох, энхийг сахиулах ажиллагааны хүрээнд Казахстанд энхийг сахиулах үүрэгтэй ОХУ-ын цэргийн эхний онгоц Пүрэв гарагийн үүрээр ниссэн тухай тус улсын батлан хамгаалах яам мэдээллээ.
Москвагийн ойролцоох Чкаловскийн агаарын баазаас десантын цэргүүдийг суулгасан Илюшин II-76 ачаа тээврийн нисэх онгоц хөөрч байгааг харуулсан дүрс бичлэгийг Россия телевизийн суваг үзүүллээ.
Шинэ оны эхний өдрөөс Казахстанд шингэрүүлсэн хийн түлшний үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэдийн тэмцэл эхэлсэн юм. Тэмцэл сүүлдээ засгийн газрын эсрэг бослого болж өргөжөөд байна.
Казахстаны ерөнхийлөгч Кассым-Жомарт Токаев стратегийн ач холбогдолтой байгууламжуудаа “гадаадад бэлтгэгдсэн террористууд”-aaс хамгаалах зорилгоор Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллага (ХАБГБ)-аас цэргийн тусламж хүссэн юм.
Казахстаны цагдаа, цэргийн хүчин болон жагсагчдын хооронд ширүүн мөргөлдөөн үргэлжилсээр байгаа бөгөөд одоогоор 13 хүн нас баржээ.
Хэчнээн цэрэг ямар хугацаагаар Казахстанд үүрэг гүйцэтгэх нь тодорхойгүй байгаа ч гол зорилго нь тус улс дахь дэд бүтцийг хамгаалах аж.
Цагдаа нар өнгөрсөн хугацаанд бослого үймээнтэй холбоотой нийт 2,000 орчим иргэнийг баривчилсан байна.