Хоёр долоо хоногийн өмнө бид талийгаач М.Алтан-Оргил /Rapper Orice/-ын аав А.Мөнхцогт, ээж Т.Навчаа нарыг “Гашуун яриа” нэвтрүүлэгт урьсан билээ. Жил гаруйн хугацаанд шалгагдаж байсан “хүн амины хэрэг”-ийг хаах болсонтой холбогдуулан, яагаад цагдаа, прокурорын үйл ажиллагааг шударга бус, хангалтгүй гэж үзэж буй талаар тэдэнтэй ярилцсан. Манай редакцын хувьд мэдээллийг тэнцвэртэй байлгах үүднээс УПЕГ-аас хэд хэдэн удаа тодруулга авах хүсэлт тавьж холбогдсон боловч, “эргээд холбогдъё” гэсээр 14 хоногийн хугацаа өнгөрсөн юм.
Улмаар бид УПЕГ-т очиж, хэргийг хариуцаж ажилласан прокурор Ц.Сайнзаяагаас тодруулга авах хүсэлтэй байгаагаа хэвлэлийн ажилтан н.Ариунзаяад дахин хэлсэн. Тэрбээр өөрийн өрөөнд орж ярилцахыг санал болгов. Ингэхдээ манай зураглаачийг гадаа үлдэхийг хүсэж, сэтгүүлч надад хэргийн талаар ойлголт өгнө гэсэн тайлбар өгсөн юм.
Түүнээс зодож, дээрэмдсэн этгээдийн гэрийнх нь тагтнаас унаж нас барсан М.Алтан-Оргилын хэргийг, “гэмт хэргийн шинжгүй” гэсэн тодотголоор хаах болсон шалтгаан юу болох талаар асуухад “Би мэдээлэл өгөх үүрэгтэй хүн биш. Чамайг ирсэн болохоор ойлголт өгье гээд уулзаж байгаа юм” гэв. Ингээд хариуцаж буй прокурортой нь холбож өгөх, утсаар ч болов тайлбар авъя гэхэд, “Прокурорын дугаарыг өгөх боломжгүй. Хохирогчийн ар гэрийн хүмүүс хэргийг шалгуулах гомдол гаргасан учраас дахин шалгагдаж байгаа. Тиймээс мэдээлэл өгдөггүй. Харин прокурор Ц.Сайнзаяагийн явуулсан материалыг та уншиж болно. Энэ нь тухайн хэргийг үнэн зөв дүгнэх ойлголт өгнө” гэсэн юм.
Сэтгүүлч аливаа хэрэг, асуудлыг дүгнэдэггүй. Харин, …Үндсэн хууль болон бусад хуулийг чанд сахиж… гадны нөлөөнд үл автах, хуулийг нэг мөр ашиглах зарчмыг гүнээ хүндэтгэн, албаны үүргээ үнэн шударгаар биелүүлнэ гэж өргөсөн тангаргаасаа буцсан байж БОЛЗОШГҮЙ прокуророос тайлбар, тодруулга авах эрхтэй билээ.