Дэлхий сүйрэхэд дэлхий дээр 144 мянган хүн үлдэнэ. Хэрвээ та энэ хүмүүсийн нэг болохыг хүсвэл бурхны элч болсон надад итгэж миний ивээл дор энэ шашны урсгалд ор гэвэл та итгэх үү? Тэгвэл Монгол улсад Солонгос улсаас орж ирж байгаа “Шинэ тэнгэр газар” гэх гаж урсгал орж ирээд багагүй хугацаа өнгөрөөд байгаа юм. Манай редакцад энэ урсгалд орсноос болж ээж нь ажлаасаа гарсан, хүү нь гэрээсээ явсан, сургуулиа хаясан, нөхөр нь салсан зэрэг шалтгаанаар хандсан юм. Шашны тухай судалж үзэхэд өргөл, барьц хандив авдаг, гэр бүлийнхэн нь гаргах гэж оролдоход сатан, муу ёс зэргээр итгүүлдэг. Мөн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй байсан юм.
Шашны бүлгээсээ хамааралтай болгон түүнийг орхин явбал аймшигт гай зовлон тохионо гэх айдсыг төрүүлдэг
“Шинчеонжи” шашны урсгалын сургалт, номлолын гол агуулга нь Lee Man Hee аврагч элчийн тайлбар номлол хамгийн үнэн зөв, Есүсийн илгээсэн элч хэмээн тахин шүтэж, ер бусын нэгэн хэмээх итгэл үнэмшлийг төрүүлж, бодит амьдралд үл нийцэх сургаал, номлолыг түгээдэг. Тухайлбал: Олон Улсын Культ Судлалын Нийгэмлэгийн албан ёсны цахим хуудсанд шашны гаж урсгалыг олон янзаар тодорхойлсон байна. Тэдгээрээс дараах тодорхойлолт шашны гаж урсгалын хувь хүн, гэр бүл, нийгэмд үзүүлэх нөлөөг илүү тодотгожээ. Тэнд “Lee Man Hee-ийн шашны гаж урсгал нь зарим нэг хүн, үзэл санаа, зүйлийг хэт улайран шүтэж, бүх л зүйлээ түүндээ зориулдаг бүлэг буюу хөдөлгөөн юм. Гишүүдийнхээ сул талыг ашиглан дарамт шахалт үзүүлэх, тэдний бодол санааг хянах (гэр бүл, найз нөхдөөс нь холдуулдаг, хүчгүй сул дорой бусдыг аялдан дагалдагч, бүлгийн хүчтэй шахалтанд оруулдаг, гишүүдийнхээ мэдээлэл авах сувгийг хянаж удирддаг, хувь хүний эрх чөлөөг хязгаарлан, чөлөөт сэтгэлгээг боомилж, шашны бүлгээсээ хамааралтай болгон түүнийг орхин явбал аймшигт гай зовлон тохионо гэх айдсыг төрүүлдэг зэрэг) ёс зүйгүй арга хэрэглэн эрхэндээ оруулж үүсгэн байгуулагч удирдагчийн хүсэл зорилгыг биелүүлэхийг зорилго болгон гишүүд, тэдний гэр бүл, нийгэмд хохирол учруулдаг” гэж тодорхойлжээ.
Долоо хоног болгон хандив, өргөл, сарын орлогоны 10 хувь гэх мэтээрмөнгө байнга авдаг
Манай редакцад хандсаны дагуу иргэн Б-тэй ярилцахад тэрбээр "2019 оны дөрвөн сард манай нөхрийн найз хэлний бэлтгэлд яваач гээд бид хоёрыг. Тэгээд би хоёулаа хэлний бэлтгэлд явж чадахгүй. Чи ганцаараа явчих би хүүхдээ зөөе гээд би яваагүй. Дөрвөн сараас эхлээд найман сард гэхэд ер нь бараг бүрэн орчихсон байсан. Хамгийн хэцүү нь ерөөсөө амьдралдаа зарцуулах цаг завгүй болчихдог. Эхнэр, хүүхдээ тоохоо больчихдог. Салахдаа энэ талаар шүүх дээр ч гэсэн тэмдэглүүлсэн байгаа. Манай хүүхдийн аавын ярьж байгаагаар бол нэг хэсэгт нь найман хүн байсан. Бүгд хаягийг нь олоод авчихсан. Нэг залуу эхнэрийнхээ үгэнд ороод явахаа больчихсон байгаа юм. Тэгсэн чинь хаягийг нь олоод авчихсан гэрийнх нь гадаа очих гэж байгаа юм. Тэгэхээр миний харснаар Монгол улсын аюулгүй байдал гэдэг чинь бол гэр бүл шүү дээ. Үүнд заналхийлсэн тийм шашны урсгал гэдгийг л харсан.
Дараагийн холбогдсон иргэний хувьд ээж нь энэхүү "Шинэ тэнгэр газар" гэх шашинд ороод дөрвөн жил болсон. Удаан хугацаанд сууж юм бичиж, цээжилж, залбирч суудаг учраас ясны бүтцийн хувьд доголдолтой болсон гэсэн юм. Иргэн Х "Сөрөг нөлөө маш их. Хамгийн эхэнд энэ шашинд орсон хүн нийгмээс тусгаарлагддаг. Маш удаан хугацаанд сууж юм бичдэг, цээжилдэг. Залбирч суудаг учраас ясны бүтэц, эрүүл мэндийн хувьд доголдолтой болж байна. Их хэмжээний юм бол биш л дээ. Бид нарт бол нэг их мэдэгдэхгүйгээр ер нь долоо хоног болгон хандив, өргөл, тэгээд сарын орлогоны 10 хувь ч юм уу иймэрхүү байдлаар мөнгө байнга авдаг. Сүүлд энэ ковид гарснаас хойш уулзаж цуглахаа больсон чинь орж төлбөрөө төлдөг сайт хүртэл нээсэн. Гаргах гээд оролдсон. Гаргах гээд эсэргүүцэж байгаа хүмүүсийг урьдчилаад тархийг нь угаачихсан учраас эсэргүүцэж байгаа хүмүүсийг сатанд хорлогдсон хүмүүс гэж ойлгуулдаг. Тэгээд бид нартай харьцхаа болиод одоо маш их дургүйцдэг" гэж хэлсэн юм.
Энэ урсгал яг ямар нөлөөтэй талаарх мэдээллийг тодруулахаар МУИС-ийн шашин судлаач багш С.Дэмбэрэлтэй уулзлаа.
"Шашин гэдэг бол хүний итгэл үнэмшил дээр суурилсан гүн ухааны үзэл, номлол сургаал, зан үйл, хүмүүсийн өдөр тутмын амьдрал дээр хэрэгжиж байдаг тэр үйлдэл. Шашин бол бас хүн төрөлхтний оюун санаа, сэтгэлгээ, итгэл үнэмшил хувирч өөрчлөгдөхийн хэрээр бас хувирч өөрчлөгддөг үзэгдэл гэж судлаачид үздэг. Тийм ч учраас орчин үед шинэ шашнууд бий болж байна. 1990 оноос хойш Монголд ч гэсэн шинэ шашнууд үүсэж бий болж байна. Түүний нэг нь Солонгосоос орж ирсэн Шинчеонжи гээд ийм урсгал байна. “Шинэ тэнгэр газар” гэж урсгал. Солонгосын Lee Man Hee гэдэг шашны номлогч библийн ном сургаалыг тэс ондоо, нөгөө уламжлалт библи дээр байдаг номлол сургаалыг өөр, өөрийнхөө хэлбэрээр тайлбарлаад өөрийгөө бурхны элч мөнх амьдардаг гэж одоо хүмүүст итгүүлээд тэгээд энэ библийн ном сургаалыг хүмүүст зааж сургаж эрүүл амьдрах төв, зөв хооллох төв, бясалгалын төв, иогийн төв, сургалтын төв зөв амьдрах сургалтын төв, амьдрах ухааныг заах төв гэх мэтчилэн янз бүрийн далд нэрээр халхавчилж энэ шашиндаа оруулдаг байгаа.
Гэр бүлийн амьдралаасаа хөндийрөх, сургуулиа завсардах, ажил төрлөөсөө завсардах ийм үзэгдэл гарч байна. Гэр бүл салалт бас үзэгдэж байна. Хэрвээ гэр бүлийнхэн нь энийг ойлгохгүй бол тэр хүмүүсийг сатаны хорлол болсон буруу сүнсний хорлол болсон гэж үзээд тэр хүмүүсээс хөндийрөхийг зөвлөдөг байна. Аль болох олон хүнийг элсүүлж авахыг бодоод. Тэгэхээр нэг сонирхолтой арга нь бол өөрсдийнхөө шашны байгууллагын нэрийг хэлдэггүй. Хоёрдугаарт маш эелдэг зөөлөн уур амьсгалыг бий болгож, хүмүүсийг татдаг. Тэгээд энэ шашинд орсон хүмүүс өөрсдийгөө хохирогч гэж боддоггүй. Тэгэхээр энэ шашин бизнесийн сүлжээ гэдэг шиг одоо хамгийн дээр байдаг тэр толгойлогч нь сүсэгтнүүдээсээ хандив аваад маш баян тансаг гэдэг юм уу, ингэж амьдардаг. Тэгээд энэ шашны гол номлогчид нь, энэ шашныг Монголд оруулж ирж байгаа хүмүүс шашнаас хүртэх хандивлагчид, сүсэгтнүүд, итгэгчдийнхээ мөнгөөр тэд цалинждаг. Солонгос ч гэдэг юм уу, Европ Америкийн улс орнуудад ийм гаж урсгалд орсон хүмүүсийг эргээд нийгэмшүүлэх үйл ажиллагаа, төвүүд байдаг юм байна л даа. Сэтгэл заслын төвүүд манай Монголд бол байхгүй. Яадаг вэ гэхээр Шар хад, сэтгэл заслын эмнэлэгт очиж хэвт гэж зөвлөдөг. Тийм учраас энэ нэг талаараа Монголын нийгэмд сөрөг нөлөөтэй.
Бид энэ байгууллагын талаар үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй эсэх талаар асуухад Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн газраас тодруулахад 2016 онд зөвшөөрлийг нь цуцалж өнөөдрийг хүртэл дахин эрх олгоогүй гэдгийг хэлсэн юм. Мөн Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад одоогоор энэ талаарх мэдээлэл, санал гомдол байхгүй гэж хариулсан. Гэвч ковидийн нөхцөл байдалтай холбоотойгоор хандив нэрийдлээр мөнгө авдаг сайт хүртэл үүсгэж, хууль бус үйл ажиллгаа явуулсаар байна. Шашин хувь хүний итгэл үнэмшилд суурилдаг байтал хэн нэгний гэрийн үүдэнд сахин барин шашиндаа оруулах, ажил амьдралаас нь холдуулах хэмжээний байх нь өөрөө асуудалтай юм. Иймээс иргэд та бүхнийг баталгаагүй мэдээлэлд итгэхгүй байхыг анхааруулан сэрэмжлүүлж байна.