УИХ-ын гишүүний ёс зүйн шинэ дүрэм энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлээд байна.
Шинэчлэгдсэн дүрэмд УИХ-ын гишүүн ажил үүргийн хүрээнд авсан мэдээллийг хувийн хэрэгцээнд ашиглах, бусдаас эдийн засгаас хараат байдалд байх, нэр хүнд, эрх мэдлээ ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олж авах, аливаа этгээдэд нөлөөлөх, хуулиар хориглосон аливаа ажил эрхлэх, цалин хөлс урамшуулал авах, цалин өгөхийг шаардахыг хориглохоор заажээ.
Уг дүрмийн талаар УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ олон нийтэд танилцууллаа.
Тэрбээр “Энэ дүрмээр ёс зүйн зөрчил гаргасан гишүүнд хүлээлгэх сахилгын хариуцлагыг нэмэгдүүлсэн. Тодруулбал, ёс зүйн зөрчил гаргасан бол сануулга өгөх, уучлал гуйхыг үүрэг болгох, албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулахаар тусгасан.
Ёс зүйн шинж байдлыг харгалзан үзэж ард түмнээс уучлал гуйх хариуцлага хүлээсэн гишүүн 5 өдрийн дотор ард түмэн, сонгогчдоосоо уучлалт гуйж, түүнийгээ УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээр дамжуулан олон нийтэд хүргэх юм.
Мөн УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэх, хуулийг дээдлэн сахих, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх ёс зүйн зарчмыг тогтоосон.
УИХ-ын гишүүний ашиг сонирхлын зөрчилтэй холбоотойгоор ёс зүйн шаардлагуудыг нарийвчлан тогтоосон. Тухайлбал, өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал үүсгэх үүднээс шалгалт хийх, гэрээ байгуулах, хууль санаачлах, санал хураалтад оролцохыг хориглоно. УИХ-ын гишүүн төрийн албан хаагчаар албаны чиг үүрэгт хамааралгүй ажил хийлгэх, үүрэг гүйцэтгүүлэх чиглэл өгөхийг хориглосон.
Түүнчлэн УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд аав ээж, ах дүү, гэр бүлийн гишүүнээ төрийн байгууллагын ажил албан тушаалд томилуулах, санал болгох, иргэн, хуулийн этгээдээс хандив, мөнгөн хөрөнгө, шан харамж гаргахыг санал болгохыг хориглосон. Энэ дүрмийн хэрэгжилтэд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо хяналт тавьж ажиллана.
УИХ-ын Ёс зүйн байнгын хорооноос УИХ-ын гишүүний ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол мэдээллийг хүлээн авах, шалгах, гишүүний өөрийн хүсэлтийнх нь дагуу шалгана. Харин хуульд заасан үндэслэлээр хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа гэмт хэргийн шинжтэй асуудлыг байнгын хороо авч хэлэлцэхгүй. Зөвхөн ёс зүйн зөрчлийн хүрээний асуудлыг хэлэлцэнэ” гэв.