Хятадын Шиан, Юйжоу хотуудад зарласан хатуу хөл хорио тус хотуудын хүн ам, эрүүл мэндийн системд сөргөөр нөлөөлж буйг оршин суугчид мэдэгджээ. Иргэдийн шүүмжилж байгаа гол асуудал нь хүнсний хомсдол, эмнэлгийн тусламж авахдаа хүндрэлтэй байгаа явдал гэнэ.
Нийт 13 сая хүн амтай Шиань хот бараг хоёр долоо хоногийн турш хатуу түгжрэлд орсон бол Юйжоу хотын 1.2 сая оршин суугчдын дундаас коронавирусийн шинж тэмдэггүй гурван тохиолдол илэрсний дараа даваа гарагийн оройноос хойш хөл хорионы дэглэмд шилжжээ. Нийтийн тээвэр, хувийн тээврийн хэрэгсэл ашиглах, өдөр тутмын хэрэгцээт бараа бүтээгдэхүүн зардаггүй бүх дэлгүүр, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг түр зогсоолоо.
Хятадын хатуу хяналттай, зохицуулалттай олон нийтийн мэдээллийн хэрэгслийн платформ дээр олон тооны оршин суугчид дэгдэлтийн үед эрх баригчдаас шуурхай хариу арга хэмжээ авч буйг дэмжиж байгаа ч өөрсдийн санаа зовнил, түгшүүрийн талаар мөн хуваалцсан байна.
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хотын томоохон эмнэлгүүдэд үзүүлэхэд нэлээдгүй хугацаа шаардагдаж байгаа талаар мэдээлсэн бөгөөд энэ нь өвчтөнүүдийг хэвтүүлэхээс өмнө сөрөг шинжилгээ өгөх шаардлагатай болсноос үүдсэн асуудал юм. Цахим сүлжээнд тарсан нэгэн нийтлэлд зүрхний шигдээс болон ирсэн өндөр настанг эрсдэл өндөртэй бүсээс ирсэн тул Шианы төв эмнэлгээс буцаасан тухай дурджээ. Харамсалтай нь уг бичлэг цахим сүлжээнд цацагдаад удаагүй байхдаа устгагдсан байна.
Хөл хорионд байгаа үедээ гэрээсээ гарч хүнс авах, эсвэл дуудлагаар худалдан авах зэрэг асуудалд хүндрэл учирч байгаас оршин суугчдын дунд бухимдал үүсч, үүн дээр нэмээд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломжгүй шахам болгосон нь өвлийн олимпын стратегийн үнийг хотын оршин суугчид биеэрээ төлж байна гэх шүүмжлэл өрнөхөд хүргэжээ.