2021 онд Японд зам тээврийн ослоор нас барсан хүний тоо өмнөх оныхоос 203-аар буурч, 2636 болсон нь 1948 оноос хойших хамгийн бага үзүүлэлт болж буй тус улсын Үндэсний цагдаагийн газраас хийсэн судалгаа харуулжээ.
2021 онд Японы Засгийн газар коронавирусийн тархалтын улмаас хоёр удаа онц байдал зарласан.
"Онцгой байдал нь хүмүүсийн хөдөлгөөн болон амьдралын бусад талыг хязгаарласан нь хүмүүсийн өдөр тутмын амьдралд нөлөөлсөн боловч энэ нь зам тээврийн ослын улмаас нас барсан хүмүүсийн тоотой ямар холбоотой байж магадгүй. Бид энэ талаар сайн мэдэхгүй байна. Гэхдээ дүн шинжилгээ хийх болно" гэж Үндэсний Цагдаагийн газрын ажилтан хэлжээ.
Тус улсын 47 мужийн 16-д нь зам тээврийн ослын улмаас нас барсан хүний тоо нэмэгдсэн үзүүлэлт гарсан байна.
Канагава мужийн хувьд зам тээврийн улмаас нас барсан хүмүүсийн тоо нь нэмэгдсэн харамсалтай тоон мэдээг тэргүүлжээ. Тус мужид өнгөрсөн онд 142 хүн зам тээврийн ослын улмаас нас барсан бол Токио хотын хувьд энэ тоо 22-оор буурч, 133 болжээ.
Шимане мужид зам тээврийн ослоос 10 хүн нас барсан нь хамгийн бага гэсэн үг аж.
65 ба түүнээс дээш насны хүмүүсийн дунд зам тээврийн ослын улмаас нас барсан хүний тоо 76-аар буурч, 1520 болсон ч энэ насны хүмүүсийн нас баралт нийт нас баралтын 57.7 хувийг эзэлж байна.
Зам тээврийн ослын тоо 3753-аар буурч, 305425 болсон бол гэмтсэн хүний тоо 7708-аар буурч, 361768 болжээ.
Японы Засгийн газар 2025 он гэхэд зам тээврийн ослоор нас барах эрсдэлийг бууруулахад анхаарч ажиллах, ийм шалтгаанаар нас барсан хүмүүсийн тоог 2000-аас доош болгох зорилт тавин ажиллаж байгаа аж.