Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс Төв аймгийн Цагдаагийн газартай хамтран хүн амины ноцтой гэмт хэрэг үйлдсэн этгээдийг илрүүлжээ. Хэргийн талаар ЭЦА-ны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Нямбадрал мэдээлэл өглөө.
Тэрээр "Энэ оны нэгдүгээр сарын 4-ний өдөр Төв аймгийн Аргалант сумын хэсгийн төлөөлөгчид иргэн А “Манай нөхөр гэртээ ирэхгүй сураггүй алга болчихлоо” гэж дуудлага өгсөн. Дуудлагын дагуу эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулахад Аргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг махны үйлдвэрийн байрны орчмоос цусаар бохирлогдсон хувцас олдсоныг иргэн А-д таниулахад сурагггүй алга болсон гэх 55 настай Б-ийн хувцас мөн болох нь тогтоогдсон. Эрэн сурвалжлах ажлыг үргэлжлүүлэхэд махны үйлдвэрийн менежер ажилтай иргэн Б-нь мах хадгалах зоориноос гадны нөлөөтэй нас барсан байдалтай олдсон. Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс Төв аймгийн цагдаагийн газартай хамтран мөрдөн шалгах ажиллагааг шуурхай зохион байгуулж, тус компанийн манаач ажилтай 32 настай иргэн А тухайн хэргийг үйлдээд хэргийн газраас оргон зайлсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул тухайн этгээдийг шуурхай эрэн сурвалжилсан. Ингээд нэгдүгээр сарын 5-ны өдрийн 07:00 цагт СХД-ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зочид буудлаас баривчилж, саатуулан мөрдөн шалгах ажиллагааг Төв аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн явуулж байна" гэлээ.