Улсын начин, жүдо бөхийн Олон улсын хэмжээний мастер Э.Энхбат агсныг өнгөрсөн сарын 31-нд сүүлчийн замд нь үдсэн. Түүний эхнэр Б.Нандинцэцэг ханьдаа зориулж сайн үйл хийн, буян үйлджээ.
Тэрбээр эмзэг бүлгийн, өрх толгойлсон 20 гаруй айлд тус бүрд нь сая төгрөгийн үнэ бүхий хүнс, түлээ, нүүрсний тусламж үзүүлсэн байна.
Энэ талаар сайн үйл хийдэг Т.Дука “Улсын начин Э.Энхбат агсны гэр бүлийн хүн холбогдож, талийгаачийнхаа араас буян хийж байгаа юм аа. Мөрөөдөл группийн хүнд хэцүү амьдралтай өрх толгойлсон ээж, аавуудад нэг сая төгрөгт багтах хүнс болон түлээ нүүрсний тусламж үзүүлмээр байна гээд 20 гаруй айл өрхөд туслав. Хайртай хань өмөг түшгээ алдсан бүсгүй хүн энэ их сэтгэлийн уй гашуугаа бусдад буян хийж бага ч гэсэн тайтгаран нөхөж байгаа болов уу. Монголчууд бид бурханд заларсан хүнийхээ араас буян хийж сэтгэлийн уй гашуугаа жаахан ч болов нимгэлдэг. Нас барагсдын хойноос буян хийхээс татгалзах нь усанд унасан хүн том чулуунаас барин авч амь гарах гэж байтал эрэг дээр байсан нэгэн хөлөөрөө түлхэж унагахтай адил хэмээн зүйрлэж хэлдэг билээ. Энэ олон хүмүүнд үйлдсэн буян бүхэн нь талийгаачийн замыг гэрэлтүүлэн сайн төрлийг онож төрөөсөй гэж чин сэтгэлээсээ залбирнам. Ард түмнийхээ сэтгэл зүрхэнд, Монгол бөхийн ертөнцөд амжилт, ёс жудаг, эрхэм сайхан чанараараа тод гэрэлтэн үлдсэн Улсын өсөх идэр өрнөн дэлгэрэх начин, Э.Энхбат агсны ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Мөн энэ олон айл бяцхан үрсийн өмнөөс баярлалаа. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай” хэмээн бичжээ.