Онцгой байдлын алба хаагч агсан Э.Мөнхжаргалын эхнэр Ж.Одгэрэл баримт дэлгэж, мэдээлэл хийлээ.
Би 12-р сарын 3-нд Улиастайн самбар буулгах гэж байгаад тогонд цохиулж амиа алдсан Мөнхжаргалын эхнэр байна. Намайг нөхрийнхөө үхлийн шалтгааныг тодруулахаар арванхоёрдугаар сарын 13-нд хэвлэлийн хурал хийн суулт зарлаж эхэлсэн өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл над руу маш их дайралт ирлээ. Энэ бүхэнд би өнөөдөр нотлох баримттайгаар тайлбар өгөх гэж байна. Өнөөдөр би нөхрийнхөө гитл, одон медалийг авчирлаа. Манай нөхөр онцгой байдлын 63 дугаар ангид гал сөнөөгч хийдэг байсан. Манай нөхөр гал унтраах дуудлагад гардаг байсан.
Тухайн үед Улиастайд байрлуулсан нэг талдаа “Монгол цагдаа 100 жил”, нөгөө талдаа “Гал алдвал амиа алдана” гэсэн самбарыг галын шаттай машинтай буулгах гэж яваад дээд талын 10 мянган вольтын хүчдэлтэй тогонд шаттайгаа хүрч амиа алдсан. Үүний ойролцоо Улиастайн цахилгааны под станц байдаг. Самбарын эсрэг талд ойрын камер байгаа. Мөн эсрэг талд нь холын камертай. Миний үзсэн камер бол ойрын камер, цагдаагийн байгууллагад байгаа нь холын камер. Холын болон ойрын камерт бүх үйл явдал тов тодорхой бичигдсэн байдаг. Самбараа буулгаад шатыг буулгахдаа тогны утсанд хүргээд дэлбэрэлт, шаталт үүссэн нь хол, ойрын камер дээр харагддаг. Надад байгаа камерын бичлэг бол ойрын камерын бичлэг. Гэтэл одоо энэ камерыг ажилладаггүй гээд дотор нь байгаа хар хайрцгийн бичлэгийг нь салгаж аваад 3-5-ны өдрийн камерын бичлэгийг авч нөлөөлсөн байдаг. Хэрвээ тэр бичлэгийг устгасан бол надад байгаа утсандаа бичиж авсан камерын бичлэгийг нотлох баримтаар ав гэж хэлсэн. Холын камерын бичлэгийг цагдаагийн газар байгаа гэдэг. Энэ камерын бичлэгийг буюу хэрвээ надад байгаа бичлэгээ олон нийтэд дэлгэх юм бол намайг хэргийн нууц задруулсан гээд шоронд хийнэ гэдгээ Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурор Өнөрбаяр хэлсэн. Би өнөөдрийг хүртэл маш их дарамттай, доромжлол амсан бие давхар хүнд маш их хэцүү байгаа.
12 сарын 15-нд ар гэр гэх хүмүүс нь хэвлэлийн бага хурал хийхдээ жирэмсэн намайг жирэмсэн биш гэж гүтгэн доромжилж, хүний нэр төрд халдсан. Ах Мөнх-Эрдэнэ нь “Анх удаа харж байна. Огт танихгүй хүн” гэх мэтээр хэлсэн. Мөнх-Эрдэнийн 12 настай Жавхлан гэж хүү бий. Манайд ирж хонодог байсан. Манайд нөхрийн аав нь Эрдэнэбат гэж хүн ирээд мах авчирч өгөөд явж байсан. Хамгийн сүүлд бид хоёр 11-р сарын 29-нд нөхөр бид хоёр хоёр талынхаа аав, ээж нар дээр очиж уулзаад ороод гарсан. Энэ үйл явдлыг нотлох баримт нь ээжийнх нь надад бэлэг гэж 20 мянган төгрөг шилжүүлсэн ХААН банкны хуулга байдаг. Бид хоёр 2020 оноос хойш хамтдаа Баянзүрх хотхонд амьдарч байсан. Би энд ойр хавийн дэлгүүрүүдийнхээ камерын бичлэгийг авчирсан. Үүнд бид хоёрын дэлгүүр орж байсан он сар өдрүүд байгаа. Хамгийн сүүлд 12 сарын 1-нд хамтдаа дэлгүүр орж байгаа бичлэг байна. Надад олон камерын бичлэг байгаа.
12 дугаар сарын 3-ны өглөө 08:00 цагт ажлаасаа буусан хүнийг гэр рүү нь явуулахгүй 09:00 цагт би нөхөртэйгөө ярихад Улиастайд самбар буулгаад харина гэсний дараа уг харамсалтай хэрэг болсон.
Би Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол өгсөн. Би ар гэрийнхэн нь намайг жирэмсэн биш, танихгүй гэж доромжилсон нэр төрөө сэргээе гээд хандсан. Үүнд эрүүгийн хэрэг үүссэн, би хохирогч. Хэвлэлийн бага хурал хийсэн манай нөхрийн ар гэрийн дөрвөн хүн өмгөөлөгчтэйгөө холбогдогчоор татагдаад явж байгаа.
Нагац ахынх нь эхнэр хамгийн анх надад бид хэвлэл мэдээлэл, цагдаа гэхгүй онцгойтой тохирсон гэж хэлсэн. Нагац ах нь хэвлэлийн хурал дээрээ намайг цагдаагаар шалгуулна, дүү нь гэхэд намайг энэ одон медалийг ээжийг нь түлхээд аваад явсан мэтээр ярьсан. Би тэр айлд ганцаараа очсон. Энэ одон медаль манайд байдаг. Оршуулгад хэрэглэнэ гэж аваад өгөөгүй. Би очиж авсан. Тэд тухайн үед намайг үстэж аяга, таваг шидэн нөхрийн маань медалийг шидсэн. Хэрэггүй төмөр, хогоо ав гэсэн. Тэд олуулаа би ганцаараа надад булаалгах асуудал байхгүй. Миний үр хүүхдэд одон медаль нь хэрэгтэй ааваараа бахархаад явна” гэв.