БНХАУ-ын иргэнийг зодож гэрээс нь 1.23 тэрбум төгрөг дээрэмдсэн хэргийн талаар ЭЦА-наас мэдээлэл хийлээ.
Тодруулбал, 46 настай БНХАУ-ын иргэн П-ийн гэрт, нүүрэндээ хар баг зүүсэн 4-5 хүн нэвтэрч 1.1 тэрбум орчим төгрөгийг дээрэмдсэн хэрэг өчигдөр буюу нэгдүгээр сарын 3-ны өдөр гарчээ. Гэмт этгээдүүд 4-5 хүн буюу нэг эмэгтэй, дөрвөн эрэгтэй хүн байсан гэв.
Уг хэрэг өчигдөр ХУД-ийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн. Хэрэг гараад ердөө нэг хонож, шалгалтын ажил явж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна гэв.
Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Н.Золбоо “Нэгдүгээр сарын 3-ны өдөр гадаад улсын иргэн их хэмжээний мөнгө дээрэмдүүлсэн гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид шуурхай ажиллаж, дээрх гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй дөрвөн этгээдийг тогтоон саатуулан шалгаж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад, хэргийн газраас алдагдсан 1.1 тэрбум төгрөгөөс 840 сая төгрөгийг эд мөрийн баримтаар хураан авч шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Мөн эд мөрийн баримтаар нэг ширхэг гар бууг хураан авч, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Иргэдэд бэлэн мөнгийг их хэмжээгээр биедээ авч явахгүй байх, хараа хяналтгүй хамгаалалтгүй газар бэлэн мөнгө их хэмжээгээр хадгалахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна” гэв.